2020.11.27

С.Ганбаатар: 16.5 хувийн 40 тэрбум төгрөгийг шууд хэрэглэгчид дээр нь очдог арга хэмжээг авсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Цар тахлын нэрийг далимдуулаад хүнс оруулж ирдэг том том аж ахуй нэгж, ченжүүдэд ашигтай зүйлүүд хийдгээ одоо болих хэрэгтэй. 100 гаруй тэрбум төгрөгийн давуу байдлыг компаниудад өгөх гэж байна. Үнэ тогтвортой байна гэдэг чинь луйвардаж байна гэсэн үг. Үндэсний компаниудаа хүндэтгээд худалдан авагч буюу жирийн ард иргэддээ 16 хувиар хөнгөлж байгаа хөнгөлөлтөө тавиад өгөөч гэж хүсэж байна. З.Мэндсайхан сайд тодорхой хариулсангүй. Зүгээр жирийн ард иргэдэд хувиарлаж өгдөг маш олон арга замууд байдаг. Бэлчээр ашиглах мэргэжлийн холбоо, МҮЭХ, ХАҮТ, Ажил олгогчдийн нэгдсэн холбоогоор дамжиж очиж болно.

Дээр нь нэмээд 100 тэрбум төгрөгийг 200.000 эмзэг бүлгийн өрхөд хуваарилахад 500.000 төгрөг нэг өрхөд очно. Энэ нь цар тахлын энэ үед иргэдийн орлогыг мөнгөжүүлж байгаа асуудал юм. Тэрнээс биш эрэлт хэрэгцээ нийлүүлэлт ярьчихаад үндсэндээ томоохон аж ахуй нэгж, компаниуддаа давуу эрх өгдөг. Дараа нь яг хэрэглэгчиддээ энэ үнэ нь буурч очсон уу? 16.5 хувийн 40 тэрбум төгрөг жирийн ард иргэддээ наалдуулахын тулд шууд хэрэглэгчид дээр нь очдог арга хэмжээг авсан уу?

Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.

Нийт 100 тэрбум төгрөг санхүүжилт гараад байгаа юм биш. Үйлдвэрлэлд шилжүүлэх улаанбуудайг импортолж оруулах эх үүсвэр дээр 150.000 тэрбум төгрөгийн төсвийг тусгаж байна. Үүнийг гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд өөрсдөө будаагаа оруулж ирнэ. Гурил нь хэрэглэгчид дээр очино. Нийт импортын хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа санхүүжилтийн эх үүсвэр гэсэн буруу ойлголттой байх шиг байна. Тийм зүйл байхгүй юм.