2017.11.30

О.Баасанхүү: Малчдаа бодож байна гэсэн нэрийн дор компаниудын лобби явж байна гэсэн хардлага байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.БААСАНХҮҮ: ҮНЭ ХӨӨРӨГДӨХГҮЙ ТАЛААС ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Гаалийн албан татвараас чөлөөлснөөр өвч тэжээлийг орон нутагт яг хэдээр зарах бололцоотой болох вэ? Төр хөнгөлөлт үзүүлж байгаа бол үнийн хатуу бодлого барих ёстой. Зах зээлийн шугамаар явна гэж байгаа бол бидэнд гаалийн татвараас чөлөөлөх зөндөө л бүтээгдэхүүн байна. Компани болгон л гаалийн татвараас чөлөөлөгдөхийг хүснэ. Малчингаа бодож байна гэсэн бодлогын дор компаниудын лобби яваад байгаа юм биш үү гэж хардаж байна.

Өмнөх парламентын үед Сүхбаатарын талбай дээр улаанбуудайгаа асгаад байсан. 90 мянган тонн улаанбуудай оруулж ирнэ гэж байсныг лобби гэж шүүмжилж байсан. Одоо 250 мянга болж байхад дугарахгүй байна. Улаанбуудай асгасан явдал танай намын бодлого байсан юм уу? Яагаад 250 мянга гэсэн тоо орж ирэв?

Энэ тоо орж ирснээр гурилын үнэ хэдий хэмжээгээр буурах юм бэ? Тооцоо байна уу?

Малчин болгон л хямд өвч, тэжээл авмаар байгаа. Тодорхой цэгүүд дээр хүмүүс өөрсдөө очиж, худалдан авалт хийгээд, үнийг хөөргөхгүйгээр хийх хяналтыг яаж хийх вэ? Компаниуд хямд оруулж ирчихээд, иргэдэд өндөр үнээрээ зардаг.

Б.БАТЗОРИГ: ИРГЭДДЭЭ ХЯМД, ТОГТВОРТОЙ ҮНЭЭР НИЙЛҮҮЛЭХ БОДЛОГО БАРЬЖ БАЙГАА

Энэ жил гурилын үйлдвэрүүд 141 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Бидэнд 360 гаруй тонн улаанбуудай шаардлагатай байгаа. 225 мянган тонн шаардлагатай байгаа буудайгаа импортоор оруулж ирж, гурилаа үйлдвэрлээд иргэддээ хямд, тогтвортой үнээр нийлүүлэх бодлогыг Засгийн газар барьж байна. Баруун аймгуудад яагаад гурилын квот өгөөгүйг асууж байна. Өчигдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж яамнаас 17 мянган тонн гурилыг баруун аймгуудад оруулъя гэж үзсэн.

АЖЛЫН ХЭСЭГ: 12-16 ХУВИАР ҮНИЙН ДҮНГЭЭ БУУРУУЛЖ БОРЛУУЛНА

ААН сонгон шалгаруулалтад оролцохдоо зарах үнээ оруулсан. Хамгийн бага үнээр оруулах ААН шалгарсан. Тэр ААН гаалийн болон НӨАТ буурсан тохиолдолд хэлцэл хийнэ. Дунджаар харахад 12-16 хувиар үнийн дүнгээ бууруулж борлуулах саналаа ирүүлсэн. Энэ нь малчдад шууд хямдрал болж очиж байгаа. ААН-ийн зорилго байхгүй. Зарим ААН-үүдийн хувьд НӨАТ төлөгчийнхөө хувьд орж ирж байгаа бүтээгдэхүүн дээрээ хямдрал амсаж байгаа ч гэсэн борлуулалтандаа НӨАТ төлж байгаа учраас шууд 10 гаруй хувь буурч чадаагүй цөөн тохиолдол бий.

О.БААСАНХҮҮ: ГУРИЛЫН ҮНЭ ХЭД БОЛОХ ТАЛААР ЯГ ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨӨЧ

Яг тодорхой үнийг малчид хүсээд байна. Үнийг нь хэлээд өгөөч. Цагаан сараар, өвөл, хавар гурилын үнэ өсөхгүй гэдэг баталгаа байгаа юу?

Б.БАТЗОРИГ: ӨВС БИШ МАЛЫН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ОРУУЛЖ ИРНЭ

Бид өвс оруулж ирэхгүй. Малын хүчит тэжээл оруулж ирнэ. Өвсийг бид дотооддоо аймаг орон нутагт нь мөнгийг нь шийдэж өгсөн. Тодотголоор 4.5 тэрбум төгрөгийг аймаг, сумын аюулгүй байдлын нөөцөд өгсөн. Бидний ярьж байгаа зүйл бол тэжээл. Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа бүх тэжээлийг гаалийн татавараас чөлөөлж, малчдад хүргүүлэх зорилготой. Ганцхан мөнгөөр биш, ноос махны урамшуулал, мал махаар солих ажлыг давхар зохион байгуулж байгаа.