Малын өвс тэжээлийг махаар солих ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна гэв
Өнөөдөр /2017.11.23/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьж, шуурхай хэлэлцэх шаардлагатай байгаа юм.
Хуулийн төслийн танилцуулгыг ХХАХҮ-ийн сайд Б.Батзориг танилцууллаа.
Уг хуулийн төсөлд гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөх, хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэхээр тусгажээ.
Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцууллаа.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуулаа.
Я.Содбаатар: Өвс тэжээлийг малаар солих арга хэмжээ авах хэрэгтэй байна
Энэ жилийн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв ажилгагдаж байна. Ихэнхи сумын малчид оторт явсан. Эртнээс сайн бэлтгэл хангаж ХХАХҮЯ, Онцгой байдлын газар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Малчдаас тавьж байгаа гол санал нь өвс тэжээлийг махаар солих асуудал. Засгийн газар үүн дээр тодорхой арга хэмжээ авч болох уу? Хорих байгууллага, хүчний байгууллагууд, хилийн цэрэг зэрэг нэгдсэн зохион байгуулалттай мах бэлтгэл явагддаг ажлууд байдаг. Энэ орон нутгийн мал, мах бэлтгэх, эргээд өвс тэжээлийг олгох зохион байгуулалтын асуудлыг холбогдох байгууллагаас анхаарч ажиллана уу. Иргэд цаг хүндэрч магадгүй гэсэн бэлтгэлтэй байна. Малаа их муулж байна.
Улсын фондод байгаа өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох тухай Засгийн газартай ярьж болох уу? Өвөл хүндрээд 1, 2 сард 50-80 хувь хөнгөллөө гээд зарладаг. Тэр үед мал муудахаас гадна өвс тэжээлийг татаж авахад хүндрэл бий болдог. Тиймээс одоо эртхэн сумдуудын нөөцөд анхаарал хандуулаач ээ. Зарим сумдуудын өвлийн бэлтгэлийн хүрээнд тэжээлийн нөөц ямар байга вэ? Манай тойрог дээр байгаа хэд хэдэн удирдлагууд энэ саналыг тавиад байгаа. Бид төсвийн тодотгол дээр энэ чиглэлээр хөрөнгө мөнгө тавьсан. Үүгээр аймаг, орон нутгийн өвс тэжээл авч байгаа явц ямар байгаа вэ? Үйл явдал болоод өнгөрсний хойноос хашгарах биш, урьдчилж бэлтгэх шаардлага байгаа. Малчид өвс тэжээлээ зах зээл дээрээс авахад хэцүү байна.
Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө бага байгаа учраас малчдын амьдралд хүндээр тусахаар байна.
Б.Батзориг: Өвс тэжээлийг мал, махаар солих ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна
Б.Батзориг: Энэ жил улсын хэмжээнд гандуу байснаас ургац алдсан. Мөн бид өвлийг өнөтэй давах малын тэжээлээ хангалттай бэлдэж чадаагүй. Энэ жил бидэнд 51 мянган орчим тонн тэжээл шаардлагатай байгаа. Үүнийг төсвийн тодотголоор баталж өгсөн. Яам энэ асуудлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жил 16 мянга орчим тонн мах улсын нөөцөд бэлтгэхээр аж, ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Оруулж ирж байгаа тэжээлийг хямд үнээр олгох ажлыг зохион байгуулна. Ялангуяа мал махаар солих ажлыг малчидтайгаа ярьж, зохион байгуулахаар ажиллаж байна.