Гааль болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2020.04.07

Гааль болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.07)  хуралдаанаар гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцууллаа. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүлэн танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тархалт нийгэм, эрүүл мэндийн байдалд нөлөөлж, эдийн засгийн хүндрэл үүсч байгаатай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, тариалан эрхлэгчдийг эдийн засгийн бодлого зохицуулалтаар дэмжих, гурилын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, зах зээлд гурилын хангамж, үнийг тогтворжуулах мөн хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 15.0 мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр ургамлын тосыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.