Санал хураалтыг бичлэгээс үзнэ үү
2014.05.09

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр баталсан асуудлын дарааллын дагуу эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх үүднээс эдгээр хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хийж, төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал буюу хуулиудын хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх тухай заалтыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлгийн хувилбарыг боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг 72.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа