Хүнсний улаан буудай, үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөллөө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн хэлэлцүүлэхэд Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар асуулт асуулаа.
Баруун аймгуудын иргэдийг хямд үнэтэй гурилаар хангахын тулд Цагааннуурын боомтоор гурил импортлох асуудлыг төсөлд тусгаагүй нь ямар шалтгаантай талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариулт өглөө. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, улаан буудайн импортыг дэмжсэн гэв.
Улаан буудай, малын тэжээл, өвсний импорт хийхдээ гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхой тооны компанид олгохоор оруулсан нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэж буй эсэх асуултад Б.Батзориг сайд хариулахдаа
“Энэ жил цаг уурын байдлаас үүдэн ургац алдсан тул тодорхой хэмжээний улаан буудай, малын тэжээл, өвсийг импортоор авахаар төлөвлөөд Засгийн газар асуудлыг хэлэлцэн, хэмжээг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрүүд чанартай гурилыг тогтвортой үнээр зах зээлд хангалттай нийлүүлэх үүрэг хүлээлгэж байгаа, бусдаар өрсөлдөөнийг хязгаарлах, давуу эрх олгох асуудал байхгүй” гэсэн.
Монгол Улс жилд 1.2-1.4 сая тн өвс, тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлтгэсэн. Иймд дутагдалтай хэмжээний хүчит тэжээлийг импортоор авч, аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад улсын хэмжээнд түгээхээр бэлтгэл ажил хангаж байгаа гэлээ. 51 мянган тн хүчит тэжээлийг түгээх нь нарийн зохион байгуулалт шаардана, хууль батлагдвал арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд аймгууд дээр тэжээлийг хүргэхээр бэлтгэл хангаад байгаа юм байна. Өвс, малын тэжээлийн импортын асуудал дээр яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр тэмдэглээд “Малын тэжээл, өвсний үнийн тухайд бид тодорхой тоо хэлэх боломжгүй. Учир нь зах зээлийнхээ зарчмаар ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтоно. Салбарын яам аль болох хямд үнээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа, өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Эцэст нь малчдын хотонд хямд өвс, тэжээл хүргэх гэсэн зорилготой” гэлээ.
2017 онд дотоодын гурилын үйлдвэрүүд 141 мянган тн улаан буудай хурааж авсан, харин дотоодын хэрэгцээнд 360 гаруй мянган тн улаан буудай шаардлагатай.
Иймд шаардлагатай байгаа 225 мянган тн улаан буудайг импортлон, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогыг баримтлан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төслийг өргөн мэдүүлсэн байна. Өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор махны борлуулалт, экспортын асуудалд салбарын яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.
2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 27.000 тн мах экпортлон 108 тэрбум төгрөгийн орлого олжээ. Өчигдөр хуралдсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл мах экспортлох квот тогтоожээ. Тухайлбал, 28.9 мянган тн үхрийн мах, 43.6 мянган тн адууны мах, хонь, ямааны махыг чөлөөтэй экспортлохоор тогтоосон байна.
Ийнхүү асуулт хариулт дуусч, хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүд 84 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль батлагдсан бөгөөд эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулав.
Үргэлжлүүлэн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах дээрх хэмжээний малын тэжээл, өвс, хүнсний улаан буудай, үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан 2017 оны төсвийн тодотгол хугацаа хойшлогдож батлагдсантай холбоотойгоор ОХУ-аас худалдан авах нэг боодол өвсний үнэ 1700-8000 төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүндрэлтэй тусахаар байна, мөн импортоор оруулах малын тэжээл, өвсний хуваарилалтад цаг агаарын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн урд талын сумдыг хамруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.