Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлалгч гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа.
2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.
Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг хэрхэн томилж, чөлөөлөх асуудал дээрх хуульд тодорхой зохицуулалтгүй орхигдсон байсан учраас “Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө." гэсэн агуулгатай хэсгийг хуульд нэмэхээр төсөлд тусгасан байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг НББСШУБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.
Тус байнгын хороо 4 сарын 24-ний өдөр хуулийн төслийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хурлаар Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүдийн олонхи нь боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон, тиймээс нөхөөс тавьж байгаа юм шиг байн байн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байх биш боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг цогцоор нь харж багц хуулийн шинэчлэлтийг яаралтай оруулж ирж хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, тэгсэн цагт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг томилж, чөлөөлөхтэй холбогдсон асуудал аяндаа шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байжээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүдийн 8 нь буюу 67.1 хувь нь хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй байна.
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн асуулт асууж хариулт авч дууссаны дараа Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь татгалзсан юм. Тиймээс уг хуулийн төсөл дахи босож, НББСШУБХ-нд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.