Өмчийн хэлбэр үл харгалзан тэтгэмж олгоно
Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ, П.Алтангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, дэд сайд Б.Ундармаа нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан хэвлэлийн бага хурлыг нээж хэлэхдээ, хууль батлагдсанаар боловсролын салбарын тогтолцоог өөрчлөх, боловсролын салбарыг олон улсын жишигт хүргэх, үнэлгээний системийн шинэчлэл болон энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болсон.
Тухайлбал бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно гэж хуульчилсан. Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзана гэж үзлээ. Түүнчлэн багш сайн байвал боловсролын эцсийн үр дүн сайн байна хэмээн үзэж багшийн хөдөлмөрийг үнэлж багш нарыг 5 жил тутам мэргэжил дээшлүүлэхэд нь төсвөөс мөнгө гаргаж өмчийн хэлбэрийг үл харгалзан олгоно гэж хуульчилсан гэлээ.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, хуулийг өргөн барьсан гол зорилго нь боловсролын салбарт ажиллагсадын хөдөлмөрийн хөлсний үнэлгээ өөр байна, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна, багш нарын ачаалал их байна, хөдөлмөрийн хөлсний үнэлгээ шударга биш байна, багш нарт олгож байгаа нэмэгдэл урамшуулалыг төрийн албан хаагчдын цалин хөлсний урамшуулалтай адилтгаж ойртуулах шаардлага байна гэж үзсэн.
5 жил тутамд нэг удаа олгодог урамшууллыг сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан болон бусад ажилтнуудад олгохгүй байгаа асуудлыг хуульчилж өгөөчээ гэдэг асуудлыг ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар УИХ-ын гишүүдийг хөдөө орон нутаг, нийслэлд ажиллахад бүх уулзалтууд дээр ярьдаг байсан. Тийм учраас энэ асуудлгыг засаж залруулах шаардлагатай байна гэж үзсэн. Байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж ярилцаж байгаад 25 жил боловсролын салбарт ажилласан туслах ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь урамшуулал олгодог тогтолцоог нь ижилсгэж авч үзэж энэ хуулинд өөрчлөлт оруулсан. Ингэснээр өнөөдөр боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтнуудын хүлээж байсан хүлээлт хуульчлан батлагдлаа гэдгийг хэлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн С. Эрдэнэ хэлэхдээ, энэ хууль батлагдсанаар Боловсролын тухай хууль төгс төгөлдөр болж байгаа юм биш. Энэ бол эхний алхам. Цаашид боловсролын хуулийг илүү боловсронгуй болгох, хуулиар зохицуулагдаагүй үлдсэн асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлага үлдэж байгаа. Үүнд Боловсролын яам, Боловсролын сайд санал нэг байгаа байхаа. Хамгийн гол нь ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог 5,4,3 гэсэн хувилбараар хуульчилж баталлаа. Энэ нь бага боловсролыг 5 жилээр, суурь боловсролыг 9 жилээр, бүрэн дунд боловсролыг 12 жилээр олгож байхаар хуулийн заалтыг баталсан. Дээр нь анх удаа боловсролыг тэргүүлэх салбар гэж авч үзэж боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа, боловсролын үйл ажиллагааг эрхэлж байгаа аливаа байгууллагыг өмчийн хэлбэрийг үл харгалзах байдлаар, мөн багш гэдэг хүн өмчийн аль хэлбэрт ажиллаж байгаагаас үл хамаараад багшийн хөгжлийн
асуудал, багшийн нийгмийн асуудал дээр төрөөс анхаарах асуудлыг тэгш тавьж өгч байгаагаар энэ хуулийн онцлогтой гэлээ.УИХ-ын гишүүн П.Алтангэрэл хэлэхдээ, монгол орны нийгмийн хөгжлийн асуудал боловсролтой салшгүй холбоотой. Иймд боловсролын асуудлыг гардан ажиллаж байгаа багш нарын асуудлыг ярихгүйгээр боловсролын талаар ярих хэрэггүй. Хуулийн нэг онцлог нь социализмын үед нийт багш нарыг 5 жил тутам улсын зардлаар 30-45 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод авчирч маш сайн сургаж цэнэглэдэг байсан. Энэ нь нэг хэсэг орхигдоод багш нараа хаях байдал руу бид орсон. Энэ хуулиар үүнийг буцааж сэргээгээд 5 жил тутамд төрийн зардлаар багш нарыг давтан сургах заалт орууллаа. Нөгөө талаас багш нарын эрүүл мэндийн асуудал туйлын чухал. Иймд багш нарыг 5 жил тутамд үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулж байх заалтыг мөн энэ хуулинд тусгасан. Хуулийн үндсэн агуулга нь боловсролын
салбарыг нуруун дээрээ авч яваа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхмуудыг хийсэн хууль боллоо. Цаашид багш нарын асуудлыг шийдэх олон олон асуудал байгаа гэсэн юм. Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар