Д.Оюунхорол: Боловсролын салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж өглөө
2012.05.14

Д.Оюунхорол: Боловсролын салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж өглөө

УИХ-ын чуулганы лхагва гаригийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай багц хуулийг эцэслэн баталсан. Энэхүү багц хуульд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан юм.   Боловсролын тухай багц хуулийн төслийг санаачлан өргөн барьж, уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Боловсролын тухайбагц хууль батлагдангарлаа. Ямар гол өөрчлөлтийг эдгээр хуульдтусгасан бэ?

-Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөлт шинэчлэл хийсэн. Гэвч тэр нь хэр үр дүнд хүрч байна гэдэг талаар олон нийт янз бүрээр ярьдаг. Боловсролын салбарын шинэчлэл үр дүнд хүрэхгүй байгаагийн учир нь энэ салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас олон хүндрэл үүсч байна. Бидний санаачлан  батлуулсан Боловсролын тухай багц хууль боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж өгснөөрөө онцлог болсон.

-Тухайлбал, боловсролын салбарынхны нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр яг ямар заалтуудыг хуульд тусгасан бэ?

-Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын багш, дотуур байрны багш, цэцэрлэгийн багш, туслах багш гээд бүх шатны боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан хүн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход 24 сарын, үүн дотроос сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуул-лыг улсын төсвөөс өмчийн хэлбэрийг нь үл харгалзан олгохоор болсон. Өөрөөр хэлбэл энэ бол багш гэдэг мэргэжил эзэмшсэнийх нь төлөө Монголын төрөөс багш нартаа үзүүлж байгаа урамшуулал юм. Энэ нь анх удаа гарч байгаа шийдвэр.

-Хууль шинээр орсонгол агуулгын нэг нь сургууль, цэцэрлэгийн туслах ажилтнуудыг урамшуулалд хамруулах асуу-дал байсан. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ талаарх заалт нэлээд маргаан дэгдээж байсан даа?

-Багц хуулийн нэг гол шинэлэг заалт энэ юм. Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуульд 10-аас дээш жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор болсон. Энд тодотгоход ажлын хэсэг дээр ярьж байгаад эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн сургууль.цэцэрлэгийн туслах ажилтнуудыг хамруулъя гэж шийдвэрлэсэн. Энэ хууль улсын төсөв батлагдсан хойно батлагдаж байгаа учир зарим гишүүний санал болгосон хувийн сургууль, цэцэрлэгийнхнийг дээрх заалтад хамруулъя гэдэг санал дэмжлэг аваагүй. Тэгэх юм бол тэтгэлэг авах хүний тоо маш олноор нэмэгдэнэ. Төсөвт нэлээд ачаалал нэмэгдэнэ гэж үзсэн тул энэ удаа төрийн болон орон нутгийн сургууль, цэцэрлэгийн туслах ажилтнуудыг хамруулъя гэсэн санал дэмжигдээгүй.

-Сургууль, цэцэрлэгийн туслах ажилтан гэдэг ямар ажил эрхэлж байгаа хүмүүсийг хамруулсан бэ?

-Туслах ажилтан гэдэгт бид сургууль, цэцэрлэгийн нярав, нягтлан бодогч, манаач, үйлчлэгч, слесарь зэрэг сур-гууль, цэцэрлэгийн хүмүүжлийн ажлыг хэвийн явуулахад чухал үүрэгтэй, хамгийн хатуу хөтүү ажлыг нугалдаг хүмүүсийг багтаасан. Тэднийг тэтгэвэрт гарахад нь ийм урамшуулал олгодог байя. Энэ хүмүүс ажлаа сайн хийж байж сургалтын орчин хэвийн, цэвэр цэмцгэр, дулаан тохилог орчин бүрддэг. Харамсалтай нь, энэ хүмүүсийн цалин маш бага байдаг. Багш нарын цалин хөлс, урамшуулал нэмэгдээд байдаг. Гэтэл туслах ажилтнуудын цалин огт нэмэгдээгүй. Сарын цалин нь 150-200 мянган төгрөг. Ийм цалингаар амьд-рах хэцүү шүү дээ. Тиймээс хуульд ийм заалт оруулж батлуулсан.

-Хөдөө суманд ажиллаж байгаа багш нар таван жил тутамд урамшуулал авдаг. Энэ урамшуулалд туслах ажилчдыг хамруулахаар болсон гэлүү?

-Сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн багшид тогтвор суурьшилтай ажилласан жил тутамд нь зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх мөнгөн тэтгэмж олгож байгааг өргөжүүлсэн. Үүнд цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш, арга зүйч, эмч, сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, ном санч, эмч нар багтсан. Эдгээр ажил, мэргэжлийн хүмүүс таван жил тутам урамшуулал авдаг болж байгаа. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн итгэл үнэмшил, ажлаа хариуцлагатай сайн хийх хүсэл, сонирхол, эрмэлзэл нэмэгдэж чанартай боловсролын үйлчилгээг хүүхдэд өгөх боломж бололцоо бүрдэнэ гэж бид үзсэн.

Энэ үзэл баримтлалын хүрээнд оруулсан өөр нэг нэмэлт, өөрчлөлт бол Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагсдад сар бүрийн үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх үр дүнгийн мөнгөн урамшуулал олгодгийг хуульчилсан явдал.

Үүнийг тогтмол болгосон. Мөн сургууль, цэцэрлэгийн байгууллагын нийт албан хаагчдыг таван жил тутамд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулахаар хуульчилж өгсөн. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэр үл харгалзан таван жилд нэг удаа дээшлүүлэхээр хуульчилсан. Багш нар илүү оюунлаг, илүү мэдлэгт суурилсан, чадварлаг байх ёстой. Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо социализмын үед тун системтэй, таван жил тутамд зохион байгуулагддаг байсан. Энэ нь 1990 оноос хойш зогссон. Монгол Улсын эдийн засаг өс ч хөгжиж байгаа л юм бол хүний хөгжилд илүү анхаарч, тэр тусмаа багш нараар нь дамжуулж боловсролын салбарын чанар, хүртээмж, үйлчилгээг дээшлүүлэх шаардлагатай.

-Нийгмийн асуудлаас өөр ямар зохицуулалтыг хуульд шинээр суулгаж өгсөн бэ?

-Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоонд улс төрийн нөлөөлөл ордог гэсэн шүүмжлэл байдаг. Тухайн сум, дүүргийн удирдах байгууллагад олонхи болж ялсан намын бодлогоор сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Энэ нь үнэхээр чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр маргаантай асуудал үүс ч байсан. Энэ удаагийн хуулиар үүнийг зогсоож, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж байхаар хууль чилж өгсөн. Хүрээг нь арай томруулсан. Ингэснээрээ оновчтой болно гэж үзсэн. Өөр нэг шинэчлэл гэвэл ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бүтцийг өөрчилсөн. Бага боловсрол тав, дунд боловсрол ес, бүрэн дунд боловсролыг 12 жилийн тогтолцоотой болгосон. Өөрөөр хэлбэл, бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмших хугацаа хэлбэл тав, дөрөв, гурван жил байх юм. Энэ бол олон хүнд хүлээлт үүсгэсэн асуудал байсан. Хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд анх БСШУЯ-наас дээрх гурван шатлалын сургалтын бүтцийг тав, тав, хоёр гэж схемчилж санал оруулж ирсэн ч гишүүд үүнийг дэмжээгүй.

-Ерөнхий боловсролын тогтолцоонд Кембрижийн боловсролын стандартыг нэвтрүүлэх эхлэл тавигдсан. Энэ бодлого хуульд хэрхэн туссан бэ?

-Боловсролын багц хуулиар ерөнхий боловсролын лаборатори сургуулийн статусыг баталж өгснөөрөө ач холбогдолтой болсон. Ингэснээр лаборатори сургууль нь ерөнхий боловсролын сургалтаас гадна сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйн судалгаа, туршилт зохион байгуулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх чиг үүрэгтэй ажиллах боломжтой. Монгол Улсад 31 лаборатори сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр сургуульд Кембрижийн стандартад шилжих алхмыг эхлүүлж байна.

-Боловсролын салбарын хуулиудад байгаагүй шинэлэг зохицуулалт нэлээд оруулсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Энэ удаа нэг өвөрмөц заалт оруулсан. Тэр нь сургууль, цэцэрлэгийн эзэмшил газрыг төлөвлөснөөсөөр зориулалтаар ашиглахгүй байх зохицуулалт юм. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбай, ойр орчмын газрыг хувьчлаад өөр зориулалтаар ашиглан, заримыг нь наймаалсан. Энэ бол ирээдүйнхээ өмнө хийж байгаа нүгэл. Улаанбаатарын хүн амын нягтрал ихэс ч, ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт хүндрэлтэй. Нэг ангид 50-60 хүүхэд сурч байна. Стандартаар бол анги дүүргэлт 25 хүүхэд байдаг. Ийм байхад сургуулиудыг өргөтгөх шаардлага урган гарч байна. Тиймээс газрыг нь өөр зориулалтаар ашиглахгүй байхыг хуульчилж өгсөн. Мөн өөр нэг томоохон өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өгөх зохицуулалтыг хуульд тусгасан. Шашны санхүүжилттэй асрамжийн газар, сургууль, цэцэрлэгүүд олноор байгуулагдаж байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах вий. Бидний ирээдүй хойч үе Монгол Улсынхаа түүх, соёл, зан заншил, өв уламжлалыг мэдэхгүй болох вий гэж болгоомжилж байна. Тиймээс Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг байгуулах асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, БСШУЯ хариуцдаг байх нь зөв гэж үзсэн.

-Энэ хууль гарснаар боловсролын салбарт ямар нааштай үр дүнгарна гэж тооцсон бэ?

-Боловсрол үнэхээр тэргүүлэгч салбар мөн юм бол, XXI зууны Монголыг боловсролтой иргэд авч явна гэж үзэж байгаа л юм бол бид маш сайн багш нарыг бэлдэх ёстой. Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Монголын ирээдүйн хөгжлийг мэдлэг боловсролтой.залуус цогцлооно. Эрдэм боловсролтой залуу хүн Оюутолгой, Таван толгойгоос орж ирэх мөнгөнөөс илүү үнэ цэнтэй капитал болно. Хоёр "толгой" Монголыг хөгжүүлэхгүй, оюунлаг, мэдлэг боловсролтой толгойнууд Монголын ирээдүйг авч явна гэж олон хүн ярьдаг. Тийм учраас Боловсролын багц хуулийг баталсан нь оюуны салбарт хийж байгаа маш том хөрөнгө оруулалт болж байгаа гэж ойлгож байна. Энэ хуулиар боловсролын салбарт ажиллагчдын цалин хөлс, урамшууллыг маш сайн нэмж өгсөн. Ингэснээр тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд том алхам болсон. Гэхдээ өнөөдөр багшийн цалин хангалттай биш байгаа. Монгол Улсад оюуны үнэлгээ доогуур байна гэж боддог. Багш хүн ямар их хүч хөдөлмөр зарцуулдгийг бодох юм бол үнэлгээ нь бага л байна. Энэ үнэлэмжийг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирсэн.

-Хуульд нийгмийн асуудлыг шийдэх үүднээс боловсролын байгууллагад ажиллагсдын цалин, тэтгэмжийг нэлээд нэмжээ. Тэгэхээр төсөвт тодорхой ачаалал үүсэх үү?

-Төсөвт ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ хууль хэрэгжиж эхлэх хугацааг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, төсвийн жилийн эхнээс хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс сайдын багцад хүндрэл үүсэхгүй.

-Сүүлчийн асуулт. ТаНийтийн албанд нийтийн болон хувийн ашигсонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуулийн төслийгөргөн барих гэж байгаагэсэн. Энэ хуульд ямарнэмэлт, өөрчлөлт оруулах вэ?

-Энэ хуулийг нэлээд ул суурьтай судалгаа хийж байж боловсруулан батлах байсан гэж бодож байна. Бэлтгэл хангагдаагүй байхад яагаад ийм хууль баталчихав гэж боддог. Авлигатай тэмцэх асуудлыг бид ярих ёстой. Гэхдээ авлигатай тэмцэж байна, реформ шинэчлэл хийж  байна   гээд  тооцоо судалгаагүйгээр хэт чанга хатуу хууль гаргачихвал олон хүнийг хэлмэгдүүлэх боломж бүрдэх вий гэдгээс болгоомжилж байгаа. Үүнээс болоод төрийн албанд ажиллах хүн олдохоо больчих вий. Төрийн албан хаагчдын цалин хангамжийг нэмээгүй байж боломжийг нь хаагаад, хатуу шаардлага тавиад байх хэцүү. Давхар   ажил   эрхлэх,   өв залгамжлуулах эрхийг нь саяын хуулиар хориглосон байх жишээтэй. Энэ бүхнийг бодолцож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар болсон. Одоогоор төсөлдөө мэргэжлийн хүмүүсийн саналыг авах, судалгаа хийх төвшинд яваа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.