Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2018.02.02

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.02.02) УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

2012 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдгээртэй үр дүнгийн гэрээ байгуулахаар болсон. 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгахаар заасан бөгөөд өнөөгийн зохицуулалтаар сум,  дүүргийн Засаг дарга төрөөс үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт үнэлгээ хийх, төсөвт хяналт тавих, нөгөөтэйгүүр, иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсролын үйлчилгээнд нөлөөлөх эрх мэдэл нь хязгаарлагдмал болсон байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад улсын төсвөөс олгодог нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг дүүргийн Засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулан хувийн хэвшлийн сургуулиудад олгодог ба ийнхүү нэг төрлийн харилцааг өөр өөрөөр зохицуулж байгаа юм байна.

Иймээс төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт юм гэж хууль санаачлагчид үзэж байна.

Боловсролын асуудлаарх сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “... дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах” гэж, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах” гэж тус тус заасныг,түүнчлэн дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

            Хуулийн төслүүд батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.