Д.Оюунхорол: Хүүхэд шуугисан их өргөөний эздийг төрөөс урамшуулж байхаар боллоо
2012.05.11

Д.Оюунхорол: Хүүхэд шуугисан их өргөөний эздийг төрөөс урамшуулж байхаар боллоо

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой өчигдөрхөн УИХ-аар батлагдсан Боловсролын тухай багц хуулийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр уг хуулийг санаачилж, ажлын хэсгийн ахлагчаар нь ажилласан юм.

-Боловсролын тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн агуулгын талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн хэдэн жилд бо­ловсролын салбарт асар их өөрчлөлт, шинэчлэлт хийсэн. Гэхдээ энэ бүхэн боловсролын салбартаа шингэж, үр өгөөжөө өгч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал байсан. Энэ удаагийн Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь энэ салбарт ажиллаж буй багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгснөөрөө онцлогтой. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч, дотуур байрны багш, цэцэрлэгийн туслах багш зэрэг ажил албанд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь 24 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор боллоо. Үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон. Эдгээр тэтгэмжийг тухайн сургуулийн өмчийн хэлбэрийг үл харгалзан олгоно.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор боллоо. Туслах ажилтан гэдэг нь нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд юм. Туслах ажилтны тэтгэмжид төр, орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт ажиллагсдыг л хамааруулахаар хуулийн ажлын хэсгийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Учир нь улсын төсөв батлагдчихсан учраас хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийг хамруулах боломжгүй. Сургууль, цэцэрлэгт хамгийн чухал хүмүүс бол мэдээж туслах ажилчид. Тэдний цалин 150-200 гаруй мянган төгрөгт багтдаг. Ийм цалингаар амьдрахад хэцүү шүү дээ.

-Энэ хуулиар өөр ямар асуудлыг шийдэв?

-Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилчдад cap бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож байгааг хуульчилж өгсөн. Үүнийг цаашид тогтвортой олгоно. Мөн боловсролын салбарын нийт албан хаагчдыг таван жил тутамд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулахаар хуульд тусгалаа. Үүнээс гадна ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн ур чадварыг таван жил тутамд нэг удаа дээшлүүлдэг болж байна. Үүнд сургууль, цэцэрлэгийн багш нар мөн л өмчийн хэлбэр үл харгалзан хамрагдах юм. Ер нь оюунлаг мэдлэгт суурилсан багш нар Монголын ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлэх учиртай гэж бид үзэж байгаа. Эндээс багшийн мэргэжлийг дээшлүүлдэг боловсронгуй тогтолцооны үндэс тавигдана.

-Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох томилгооны зарчимд өөрчлөлт орж байгаа. Энэ талаар тодруулъя?

-Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн аймаг, сум, дүүрэгт сонгуулийн үр дүнд байгуулагдсан засаглал нь томилдог байсан. Ажлын шаардлага хангахгүй хүнийг томилж байгаа тухай маргаан үүнээс үүсдэг байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хуулиар зохицуулж, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг нийслэл, аймгийн Засаг дарга нь томилж байхаар боллоо. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчилсөн. Ингэснээр бага, дунд боловсрол таван жил, дунд боловсрол есөн жил, бүрэн дунд боловсрол 12 жилийн тогтолцоотой болж, хуульчлагдлаа. Лаборатори сургуулийн статусыг баталж өгсөн нь энэ хуулийн бас нэг онцлог. Лаборатори сургууль нь багш, сурагчдын арга зүйн судалгаа, туршилтыг зохион байгуулж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулна. Өнөөдрийн байдлаар манай улсад 31 лаборатори сургууль үйл ажиллагаа явуулдаг. Ер нь хүүхдүүд ижил төвшний боловсрол эзэмших шаардлагатай байна. Өнөөдрийн хувьд бага, дунд сургуулиудын сургалтын төлбөр, сурах орчин нөхцөл ч өөр байгаа. Хөдөө, хотын сургалтын чанарын ялгаанд ч анхаарах цаг болсон.

-Боловсролын салбарт хамгийн их "чих халууцуулдаг" нэг асуудал нь анги дүүргэлтийн асуудал шүү дээ?

-Хөдөөнөөс хот уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн нэг ангид 30-60 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Энэ нь боловсролын хууль зөрчиж байна гэсэн үг. Нөгөө талаас хүүхдийн сурах эрх зөрчигдөж, сурах нөхцөл нь бүрдэж чадахгүй байна. Уг нь нэг ангид 25-30 хүүхэд л сурах ёстой. Шинэ баталсан хуулиар сургууль, цэцэрлэгийн асуудлыг төлөвлөх, барилга, байшинг өөр зориулалтаар ашиглахгүй байхыг хуульчилж өглөө. Бас нэг онцлог заалт хуульд орсон нь гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдэхээр болсон. Яагаад гэвэл, өнөөдөр гаднын шашны санхүүжилттэй асрамжийн газар, сургууль цэцэрлэг олноор байгуулагдах болсон. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул занал учруулах вий гэсэн болгоомжлол зүй ёсоор гарч байгаа. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд, багачууд маань эх орныхоо түүх, ёс заншил, өвөг дээдэс, өв уламжлалаа мэдэхгүй болчих вий гэдэг нь анхаарах ёстой асуудал юм. Тиймээс энэ асуудлыг хуульчилж өгсөн. Ер нь дэлхийн олон оронд гадаадын хө­рөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг байгуулах асуудлыг зөвшөөрдөггүй юм байна. Тэгэхээр энэ асуудлыг төрийн бодлогоор БСШУЯ хариуцах нь зүйтэй хэмээн хуульд өөрчлөлт оруулсан.

-Боловсролын тухай хуульд орсон эдгээр өөрчлөлтийг ерөнхий далайцаар нь Та хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

-Монгол Улсын ирээдүйг өнөөдрийн боловсролтой залуучууд л авч явна. Мэдлэг, боловсролтой залуучууд Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх хөрөнгө мөнгөнөөс хамаагүй илүү үнэ цэнэтэй. Тиймээс энэ удаа хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө оюуны салбарт оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Ялангуяа боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэхэд эргэлтийн чанартай өөрчлөлтүүд орлоо. Багш гэдэг мэргэжлийг эзэмшсэнийх нь төлөө, хүүхэд шуугисан их өргөөнд хүчин зүтгэснийх нь төлөө тухайн хүнд төрөөс өгч буй урамшуулал гэж ойлгож болно. Энэ бол манай улсын түүхэнд анх удаа гарч байгаа шийдвэр, боловсролд оруулж буй асар том хөрөнгө оруулалт. Ер нь боловсролын салбарын шинэчлэл нь салбартаа шингэхгүй байгаагийн учир нь багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйтэй холбоотой. Ингэснээр боловсролын салбарт ажиллах хүмүүсийн итгэл үнэмшил, ажлын хариуцлага нэмэгдэж, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх бүтээмж дээшилнэ гэж үзэж байна.

-Зарим гишүүд боловсролын салбарынхныг ч бас "халамжилж", халамжийг хавтгайруулж байна гэх юм?

-Энэ бол халамж биш. Өнөөдөр монгол хүн хөдөлмөр хийгээд түүнийгээ үнэлүүлж Сай­хан амьдардаг л болох хэрэгтэй байна. Тэ­гэхээр оюуны хөдөлмөр эрхэлж байгаа багш нарыг ирээдүй хойч үеийг маань бэлдэж өгч байгаагийнх нь төлөө урамшуулж байх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд багш нарынхаа асуудлыг шийдвэрлэх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.