Багш нарт олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үе шаттай хэрэгжүүлнэ
Багш нарт мөнгөн тэтгэмж олгоно
2012.10.26

Багш нарт олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үе шаттай хэрэгжүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2012-10-26/ чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө хуралдаж Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусгаснаар хуулийн төслийн нэр “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэж өөрчлөгдөж байгаа аж.

Хуулийн төслийн эцсийн хувилбарт тусгаснаар, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нягтлан бодогч, нярав, тогооч зэрэг туслах ажилтнаар 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох, шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахтай холбогдсон болон сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчдад 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгохтой холбогдсон зохицуулалтуудыг тус тус 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт нэмсэн байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/ зэрэг тодорхой албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс, ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор өөрчлөн найруулжээ.

Хэлэлцүүлгийн явцад С.Эрдэнэ гишүүн, боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа юм бол өнөөдөр багш нарыг харж үзэх цаг болсон гээд,  харин ямар учраас өмчийн хэлбэрээр ялгаварлаж, хувийн хэвшлийн сургуульд ажиллаж байгаа багш нарыг тэтгэмжид хамруулахгүй байгаад тайлбар авахыг хүссэн юм.

Мөн тэрээр хувийн хэвшлийн сургуулийн багш нар бол өмчийн эзэд биш, ялгаагүй л боловсролын салбарт ажиллаж, ардын хүүхдүүдийг сургаж байгаа  багш нар. Энэ мэтээр өмчийн олон хэлбэрийг ялгаварлан үзэж байгааг болих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариултдаа, хувийн хэвшлийг ялгаж салгаж байгаадаа бус, төрийн албаны цалин үнэхээр бага байна. Иймд олон жил бага цалинтай явсан багш нарт эхний ээлжинд нэг удаагийн тэтгэмж олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр зарим томоохон хувийн сургуулийн багш нар өндөр цалинтай байгаа.

Гэхдээ зарчмын хувьд хэрэглэх аргаа тодорхойлоод явбал хувийн хэвшлийн сургуулийн багш, ажилчид мөн адил тэтгэвэрт гарахдаа тэтгэлэг авах боломжтой. Жишээ нь,  хувийн хөрөнгө оруулалттай сургуулийн багш, ажилчдыг тэтгэвэрт гарахад нь тухайн сургууль сан байгуулаад түүнээсээ тэтгэмж өгөхөөр байж болно. Энэ концепцийг л ярья  гэж байгаа юм гэлээ.

Түүнчлэн А.Бакей гишүүн хэлэхдээ, цаашид төрийн үйлчилгээний албан хаагчдад төрөөс  үзүүлэх тэтгэмж, дэмжлэгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол салбарын хувьд эрхэлж байгаа ажил нь их ялгаатай байна. Тухайлбал, түргэн тусламжийн эмч тэтгэвэрт гарахдаа тэтгэлэгт хамрагдаж байхад, харин түүнд үйлчилж байгаа жолооч хамрагдахгүй байх жишээтэй. Иймд энэ асуудлыг төр анхааралдаа авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.