Т.Энхцацрал: Мэргэжлийн магистр, судлаач магистр гэсэн ялгаатай зэрэг олгодог болно
Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Т.Энхцацрал
2014.04.04

Т.Энхцацрал: Мэргэжлийн магистр, судлаач магистр гэсэн ялгаатай зэрэг олгодог болно

- Их, дээд сургуулиудыг судалгаа шинжилгээний идэвхтэй төвүүд болгох бодлогын талаар та юу хэлэх вэ?

Их дээд сургуулиуд 1990-иэд оноос сургалт-судалгаа-үйлдвэрлэл гэсэн зарчмаар явж ирсэн. БШУЯ-наас эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих бодлого барьж байгаа өнөө үед их дээд сургуулиуд судалгаанд сууриласан их сургууль болохоор зорьж судалгаа-сургалт-үйлдвэрлэл гэсэн зорилт тавин ажиллаж байна. Их сургуулиуд хажуудаа судалгааны төвүүдийг ажлуулж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яаж хөгжүүлэх вэ гэдгийг суурьтай авч үзэх цаг болсон. Төгсөх оюутнуудын хувьд диплом бичнэ гэдэг гол асуудал. Дипломын төслийг судалгааны ажилтай уялдуулж, холбох гарцыг гаргах хэрэгтэй.

Харин ахисан түвшин буюу төгсөлтийн дараах сургалтыг цэвэр судалгаанд суурилж явуулах ёстой. Өмнө нь магистр, докторантууд судалгаа хийх ёстой гэсэн ерөнхий чиглэлтэй байснаас чухам яаж хийх, профессорын баг/тэнхим, профессор багш, удирдагч нартайгаа хэрхэн хамтран ажиллах тал дээр анхаардаггүй байсан. Сургуулиудын материаллаг бааз дутмаг байсан нь туршилт, судалгаа явуулахад нөлөөлсөн байх. Зөвхөн онолын түвшинд судалгаа хийдэг байлаа. Тиймээс их, дээд сургуулиуд дээр судалгааг хөгжүүлэх бодлогыг төрөөс дэмжиж хөрөнгө оруулахаар болсон.

Түүнчлэн гадаадын их сургуулиудтай хамтарч ажиллах,  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн профессоруудыг урьж авчрах зорилготой ажиллаж байна.

- Судалгааны ажлыг хөгжүүлэхтэй холбоотой их дээд сургуулиудын магистр, докторын зэрэг олгох журамд өөрчлөлт орох уу?

Өөрчлөлт орно. Магистр докторын сургалтын журамд өөрчлөлт оруулахдаа бид нэг зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. Юу гэвэл энэ түвшний сургалтанд хамрагсад маань ихэнх нь бакалаврын сургалтаа дүүргээд ажил эрхэлж буй хүмүүс байдаг. Манай ШУТИС-д гэхэд л нийт элсэгчдийн 80-90 хувь нь ажил эрхэлдэг хүмүүс байдаг.

Залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн тэтгэлгийг зургаан докторт олгосон байна.

Бид мэргэжил олгох бус мэдлэгийг баялаг болгон үйлдвэр, бизнест нэвтрүүлэх гэж байгаа судлаач эрдэмтдийг бэлтгэж гэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.

Иймд магистр докторын сургалтанд хамрагдаж суралцагчдын сургалтын орчинг сайжруулах, нээлттэй, хүртээмжтэй, уян хатан, чанартай байлгах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, сонирхогч талын эрэлт хэрэгцээг хангасан сургалт, судалгаа явуулах, бизнесийн болон бусад салбарт ажиллаж буй суралцагсад хийж буй ажил, бизнесээсээ хөндийрөлгvйгээр боловсролоо ахиулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн сургалтын хэлбэртэй болгох, суралцах хугацаа, сургалтын хөтөлбөр нь уян хатан байх журам байх ёстой.

Түүнчлэн судалгаа явуулах орчин материаллаг баазыг сайжруулах төрөөс магистр, докторт суралцагчдын судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, судалгааны грант олгох замаар дэмжих бодлогыг  БШУЯамны журамд тодорхой тусгаж өгөх ёстой гэж үзэж байна.

Сургуулиудын бүтцийг өөрчлөх болсон нь цаг үеийн шаардлага.

Төрийн өмчийн их сургууль магистр докторын сургалт эрхэлдэг бусад их дээд сургуулиудын төлөөлөлтэй хамтран яамны үлгэрчилсэн журамд оруулах өөрчлөлтүүд болон санал зөвлөмжөө тусгаад явуулсан байгаа. Хэрэв энэ журам батлагдвал сургуулиуд өөрсдийнхөө журмыг боловсруулаад явах байх.

Ингэснээр магистр, докторантууд маань судалгааны ажлынхаа дагуу байнга лаборатори дээр ажиллаж тодорхой үр дүнгийн төлөө ажилладаг болох юм.

- Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэн гаргах ямар механизм байх ёстой вэ?

Чанартай төгсөгчийн асуудлыг их сургуульд орсон цагаас нь бус дунд сургуульд байхаас нь анхаарах ёстой. Өнөөгийн залуучуудад яаж ийгээд 12 дугаар ангиа, их сургуулиа төгсчихвөл боллоо гэсэн сэтгэлгээ суучихсан. Гэтэл мэргэжлийн чиг баримжаа олгох ажил наймдугаар ангиас эхлэх ёстой. Хуучин нийгэмд наймдугаар анги төгсөхөд нь хөдөлмөрийн зах зээлтэй танилцуулдаг, мэргэжил сурталчлах ажлыг байнга зохион байгуулж байх ёстой. Их, дээд сургуулиуд өөрийн чиглэлээр сурагчдын дунд мэргэжил олгох талаас нь сурталчлах хэрэгтэй.

Авто замын барилга, бага боловсролын багш, сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны багш, хими, биологийн багш, гидер геологи, гидермеханик, уул уурхайн ашиглалт, технологи, усны нөөц экологи, уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт, мэдээллийн систем, малын эмч, нефтийн хадгалалт тээвэрлэлт, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нано технологи, био технологи, цөмийн энергийн мэргэжилтэн, эмнэлзүйн анагаах ухаан зэрэг 20 мэргэжил хамгийн хэрэгцээтэй мэргэжил болоод байна.

Мэргэжил сурталчилах гэхлээр их сургуулиуд баахан цаас тараагаад л үзэсгэлэн зохион байгуулсан болоод өнгөрдөг. Уг нь мэргэжил сурталчилна гэдэг их сургуулиас гадна мэргэжлийн байгууллагууд нь ирж мэргэжил сонгох гэж буй  хүүхдүүдтэй ярилцлага зохион байгуулах, тухайн салбарт амжилттай явж буй нэр алдартай хүмүүсүүдтэй уулзалт зохион байгуулах тухайн мэргэжлийн үүссэн түүхээс танилцуулсан кино судалчилгаа үзүүлэх зэргээр  өөрсдийн мэргэжлийн онцлог давуу талуудыг таниулдаг байх ёстой. Ингэвэл хүүхэд өөрийн сонирхлыг олж харна.

Одоо ийм систем байхгүй учраас төгсөгчид найз нөхдөө дуурайж мэргэжлээ сонгодог. Мэдээж дургүй мэргэжлээрээ сурсан хүн ажлын байран дээр шаардлага хангахгүй.

- Их, дээд сургууль, хувийн хэвшил яаж хамтран ажиллавал зүйтэй бол?

Гуравдугаар курсээс эхлээд нарийн мэргэжлийн хичээлүүд орж эхэлдэг. Яг энэ үед их сургууль, бизнесийн байгууллага, үйлдвэр гурав түншлэлийн зарчмаар ажиллах ёстой.

Өөрөөр хэлбэл магистр, докторын сургалтыг судалгаанд чиглүүлэх судалгааны ажлын үр дүнг баялаг болгох, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах тэднийг төсөл, гэрээт ажилд гүйцэтгэгчээр ажиллуулж магистр, докторын сургалт, судалгааны материаллаг баазыг тогтвортой хөгжүүлэх, дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлснээр эрдэмтдийн нөөц, чадавхийг нэмэгдүүлэхболомж бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл үйлдвэрүүд боловсон хүчнээ хайж, бизнесийнхэн сурталчилгаагаа хийж, харин их сургууль өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна гэсэн үг.

Түүнчлэн оюутнууд голдуу гуравдугаар курсээс үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлдэг. Түншлэлийн зарчим байхгүйгээс сургуульд заасан мэдлэг, үйлдвэрлэлийн технологи хоёр нийцэхгүй байх тохиолдол олон. Нэг үгээр захиалгат сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэсэн үг.

- Сургуулиудын бүтцийг өөрчлөх болсон үндсэн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

Энэ бол цагийн үеийн шаардлага. Социализмын үед хэрэгжиж байсан онолд тулгуурлаж мэдлэг олгох тогтолцоо даяарчлагдаж буй өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна. Мэдлэг гэдэг зүйл улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг боллоо. Тиймээс хүүхдийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй болж байна. Хүүхдийн мэдлэг, боловсрол, сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд боловсролын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй, Тогтолцоогоо өөрчлөхийн тулд сургуулиудын хуучин бүтцийг өөрчлөх шаардлага өнөөдөр урган гарч байгаа юм.

- Монголын ахисан түвшний сургалтын чанар ямар түвшинд байна вэ?

Сүүлийн жилүүдэд магистр, докторт суралцагсад маань гадагшаа явж судалгаа хийдэг боллоо. Манай сургуулиас л гэхэд 50 орчим магистрант, докторант гадаадад судалгаа хийж байна. Магистр, докторын судалгаа хийх сонирхолтой залуус сүүлийн жилүүдэд олон болсон. Их дээд сургуулиудын магистр, докторт суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд 2 дахин нэмэгдсэн. Энэ бол олзуурхууштай. Гэхдээ тэдний эзэмшсэн мэдлэгийг монголдоо нутагшуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлж баялаг болгох нь чухал.

Их сургууль, туршилт судалгааны ажлыг магистрант, докторантуудад түшиглэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, мэдлэгийг баялаг болгоход технологи дамжуулах нэгж, гарааны компани, жижиг дунд үйлдвэрүүдэд туршилт судалгааны ажлыг нэвтрүүлэх нь  өнөөдөр тулгамдаад байгаа асуудал.  Магистр, докторт суралцагсдыг танхимд суулгаад бакалаврын сургалтыг дагаж шаталсан сургалтаар хичээл заагаад байх бус сургалтын агуулга хөтөлбөрийг бүрэн шинэчилж суралцагчдад энтрепренер боловсрол олгож, сургалтыг судалгаа болон үйлдвэрлэлтэй шууд хослуулах ёстой юм. Үндсэндээ энэ зарчмаар ахисан түвшний сургалт явагдах учиртай.