Монгол улсын их хурлын гишүүн Ч.Улаан
2016.08.26

Эрдэнэтээс 3 дахин том Оюу толгойгоос Монгол улс дуслын төдий үр ашиг хүртэж байгаа

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэ бол ард нийтийн горьдлого найдлага тавин хүлээж байгаа чухал асуудал.

Мөрийн хөтөлбөрийг судлахад олон чухал заалтууд байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ орж ирээгүй байна. Хэрэгжүүлэхэд шаардлагатай 10 гаран тэрбум долларын эх үүсвэрийн асуудал байгаа. Энэ эх үүсвэр хаанаас ямар журмаар орж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа тохиолдолд мөрийн хөтөлбөр маань хийсвэр юм шиг сонсогдож байна.

Мэдээж эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам бол яаж орлогоо яаж олох вэ, зардлаа яаж оновчтой зохицуулах вэ гэдэг байна. 

Орлогоо олох нөөцөө дайчлах тал дээр хэд хэдэн асуудал дээр анхаараасай гэж бодож байна. 

Мөрийн хөтөлбөрт байгаа гэрээний хэрэгжилтийг хянаж үзнэ нөхцөлийг сайжруулна гэсэн заалт байна, энэ тал дээр Оюу толгойгийн гэрээг хэр зэрэг нухацтай авч үзэх вэ, 3.2 тэрбум доллар санхүүгийн зөрчил илэрчихсэн нотлогдчихсон байгаа. Энийг барагдуулах талаар яаж хөөцөлдөх вэ гэдэг асуудлаар онцгой анхаарах хэрэгтэй.