С.Эрдэнэ: Авах, гээхийн ухаанаар хандаач
Ээлжит бус чуулганаар нилээд бухимдалтай байсан гишүүн бол С.Эрдэнэ. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахдаа сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи болсон нам хүч түрч байна гэж үзсэн. Түүн рүү УИХ-ын нэр бүхий гишүүдээс дайралт ирж, хариуд нь ундууцаж байгаагаа чуулганы танхимд илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт түүнийг хүүхэд шиг загнаж, гишүүний халдашгүй байдалд халдаж байна гэж үзлээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн даатгалын сангаас баяжсан, Эрдэнэ вангийн хошуу байгуулсан гэж хий хоосон гүтгэж байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ дурдаад үндсэн асуудалдаа орлоо.
Залуу байж болно, омголон байж болохгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
"Төсвийн хуулийг дагалдаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд, Тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж, орон тоо нь хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж өөрчлөн найруулсан байна. Эрх бүхий байгууллага гэж хэнийг хэлээд байна? Эрх бүхий байгууллагын шийдвэрээр халагдана гэхээр төрийн албаны тогтвортой байдал яах болж байна?
Сүүлийн хоёр сар цалингаа авч чадаагүй хүмүүс байна. Төрийн албаны 60 орчим хувь нь солигдох магадлалтай байна. Нийгмийн даатгал, халамж, хүүхдийн төлөө байгууллагууд эзэнгүй, хоосон байна. Сонгуульд ялсан мөрийн хөтөлбөр, бодит байдалтай нийцэхгүй байна. Зөв зүйтэй бодлого явуулаач" гэсэн юм.
С.Эрдэнийг үг хэлж, асуулт асуусны хариуг С.Бямбацогт өглөө.
Загнасан юм алга, шаардлага тавьж байна
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
"Хоосон улс төржихөө болъё. Одоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.17 дахь заалтын тухай хэлэлцэж байна. гэдэг заалт ярьж байна. Төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургах, хөгжүүлэх, мэргэшүүлэх, танхимын болон зайн сургалтад хамрагдах, хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид мэргэшсэн, чадварлаг байх нөхцлийг дэмжинэ гэдэг үгийг бүрдүүлнэ гэж өөрчлөхөөр оруулж ирсэн. Яагаад дэмжинэ гэдгийг бүрдүүлнэ гэдэг үгээр солих болов? гэдгийг ярих ёстой. Сэдвээсээ хазайж, хоосон улс төр битгий хий. Загнасан юм алга, шаардлага тавьж байна."