Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ТББХ дэмжлээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.08.26

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ТББХ дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурлан боловсруулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 4 үндсэн бүлэгтэй.

Эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрджээ.

Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макроэдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

 Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа.

Эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуулийн үеэр иргэд, олон нийтэд танилцуулж байсан мөрийн хөтөлбөрүүдийг бүрэн тусгах хялбар байгаагүй хэдий ч улс орны хөгжил, хүн амын ажил, орлого, эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай үйлдвэржилтийн асуудлыг хөтөлбөрт хэрхэн тусгав, өөрийн өмчилсөн газар дээр амины орон сууц барихад ипотекийн зээлд хамрагдах бололцоог бүрдүүлсэн эсэх, 105 000 хүүхдийг л сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой өнөөдрийн нөхцөлд үлдэж буй 30 000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан болохыг тодруулав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, уг хөтөлбөрийг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачдыг саналыг тусгасан. Мөн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг голчлон баримталсан болохыг онцлов.

Мөн урьд хэрэгжиж байсан, өмнө батлагдсан хөтөлбөрүүдийн зарим тодорхой зүйл, заалтуудыг Засгийн газрын энэ удаагийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан болохыг хэллээ.

Үйлдвэржилтийг дэмжихээр 21:100 хөтөлбөрийг тусгасан бөгөөд үйлдвэржилтийн газрын зургийг гаргах явцдаа энэ талаарх нарийн судалгаа, тооцооллыг гарган Улсын Их Хуралд танилцуулахаа дуулгав. Түүнчлэн ипотекийн зээлийн нэр, төрөл, хамрах цар хүрээг нэмэгдүүлэхээр уг хөтөлбөрт тусгасан учир амины орон сууц барьж буй иргэд хамрагдах асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрэн байгаа талаар хэллээ.

Хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авахаар тусгасан бөгөөд нэн тэргүүнд шинээр баригдаж буй барилга, байгууламжуудад дотроо сургалт явуулах бололцоо бүрдүүлсэн анги, танхим, өрөө тасалгаатай байх ёстой талаар тусгасан стандарт боловсруулж, нэвтрүүлнэ шаардлагатай гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ татварын бодлогоор дэмжиж буй байгууллага бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, үйлдвэр, аж ахуйн нэгж төдийгүй төрийн бйгууллагууд оролцож байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Гадаад харилцааны яам энэ хөтөлбөрийн хүрээнд тус бүр 80 хүүхдэд сургалт явуулах бололцоо бүхий цэцэрлэг байгуулж байгаа.

Энэ мэтээр хямд өртөг, бага зардлаар тодорхой ажлуудыг Засгийн газар хийж байгаа болохыг Ерөнхий сайд хэлсэн юм. Түүнчлэн “Насны хишиг” тэтгэврийн талаарх хуулийн төслийг боловсруулж байгаа талаар болон Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өгөв. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа эдийн засгийн нөхцөл байдлаа нарийн тооцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бодитойгоор боловсруулах, хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөрүүд байгаа эсэхийг нягтлахыг сануулав.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжсэн