Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах биш таслан зогсоох хэрэгтэй
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд олон асуудал хэлэлцлээ. Энэ дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль яригдсан юм. УИХ-ын 12 эмэгтэй гишүүдийн нэг Д.Сарангэрэл ийнхүү байр сууриа илэрхийлж байна.
Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах гэж оруулж ирсэн нь тоо болоод хэлбэрийн тухай яриад байх шиг байна. Хүчирхийлэл үйлддэг тоог нь цөөрүүлж, зоддог байсан бол цохьдог болгож, хүчирхийллийн хэлбэрийг хөнгөрүүлэх тухай яриад байх шиг байна.
Миний бодлоор хүчирхийллийг таслан зогсоох гэж нэр томъёоны хувьд өөрчилж, энэ том зорилтдоо хүрэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллах хэрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөвхөн УИХ-ын 12 эмэгтэй гишүүн байтугай энд сууж буй бүх эрэгтэй гишүүд дэмжиж байгаа гэж ойлгодог.
...Ухамсар дорой хүмүүсийн гарын чилээ болж буй хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүдэд тулгамдсан асуудлыг дэврээх хүн энд нэг ч байхгүй...
Мэдээж хэрэг хуулийн хэрэгжилт, хэд хэдэн хуулийн уялдаа холбоотойгоор тус хуулийг татсан биш хугацааг нь түр хойшлуулсан. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанд хөндөөгүй нэг ч эмэгтэй гишүүн байхгүй.
Тийм ч учраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газар яаралтай хэлэлцээд, өргөн барьж, батлуулмаар байна. Энэ хуулийг ухрааж, хойшлуулсан нь 12 эмэгтэй гишүүн биш. Хэрэв ингэж тайлбарлах юм бол УИХ-ын 76 гишүүн бүгд энэ хууль хэрэгжихийн эсрэг саналтай байгаа юм байна гэж нийгэм даяараа ойлгоно. Тиймээс иргэд, сонгогчдынхоо дунд Монголын парламентын нэр хүндийг унагаасан аливаа үг, үйлдэл битгий хийгээч гэж хүсч байна.
Ээж хүн, эхнэр хүн, Монголын ард түмний итгэлийг хүлээсэн төрийн түшээ хүмүүс байж яалаа гэж гэр бүлийн хүчирхийллийг дэмжээд суух вэ дээ. Ийм ойлгомжтой асуудлаас болж эмэгтэй гишүүдийнхээ нэр хүндийг унагаж байна. Чуулганы энэ том танхимыг эмэгтэйчүүдийнхээ эсрэг ашиглаж болохгүй шүү.
Засгийн газрын өргөн барих "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-иа яаралтай хэлэлцэж, баталъя. Энэ асуудалд 76 хоолой нэгдмэл байна гэдэгт итгэлтэй байна.