2016.09.08

Д.Эрдэнэбат: Монгол Улс төрийн албаны тухай хуультай шүү дээ

Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрөө зөв тодорхойлсноор, эдийн засгийг богино хугацаанд сэргээж, нийгмийн салбаруудаа дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад боломжтой.

Тиймээс ч энэхүү чухал баримт бичгийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр, хуралдаж байна.

Уг хөтөлбөрийн тавдугаар бүлэг нь "Засаглалын бодлого" гэсэн нэртэй бөгөөд тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэх үндсэн зорилготой. Тиймээс ч уг бүлэгт төрийн албатай холбоотой хэд хэдэн заалт бий.

Үүний дотор "Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, Төрийн албан хаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна" гэж анх заасан байсныг өөрчлөн найруулж "Төрийн албаны тогтвортой байдлын тухай" хууль гэж оруулж иржээ. 

Түүнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр нийт гишүүдээс энэхүү саналын томъёоллыг дэмжихгүй байхыг уриалаад оронд "Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулах, эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох" гэсэн томъёоллоо оруулбал зөв гэж хэллээ.    

...Монгол Улс төрийн албаны тухай хуультай. Энэ хуулиар төрийн албатай холбоотой бүх эрх зүйн орчныг зохицуулдаг учраас өөр хууль илүүц болохыг чуулганы танхимаас мэдэгдсэн...

Дагаж, мөрдөх нь тодорхой бус энэ болоод бусад хуулийг санаачилна гэж сэтгэлийн хөөрлөөр аливаад хандахгүй байхыг эрх баригчдаас хүслээ. 

Бидний хэлэлцэж буй асуудал бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шүү гэдгийг сануулсан юм.