Хятадад замын цагдаа, дүрэм зөрчсөн явган зорчигч хоёр харилцан өвдөг сөхрөв
Өмнөд Хятадын Фужань мужийн Путань хотод замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эмэгтэй замын цагдаагийн ажилтны өмнө өвдөг сөхрөн хар жагсаалтад оруулахгүй байхыг гуйжээ. Энэ явдлын талаар The South China Morning Post сонин мэдээлэв.
Улаан гэрлээр зам гарч явсан эмэгтэйг цагдаа зогсоож дүрэм зөрчигчдийн жагсаалтад бичих гэтэл гэнэт өвдөг сөхрөн “Би анх удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байна. Зүгээр л сануулга өгч болохгүй юу?” гэж гуйжээ.
Хариуд нь цагдаа бас л өвдөг сөхрөв. Замын цагдааг ятгаж чадахгүйгээ ойлгосон эмэгтэй өвчтэй болж жүжиглэхээр шийдэв. Гудамжинд 10 орчим минут хэвтсэний дараа цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж эхлэхэд мань хүн гэнэтхэн босоод зугатав. Цагдаагийн ярьснаар зугатаж байснаас харахад цоо эрүүл хүн байжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил болгон Хятадын замууд дээр 200 орчим мянган хүн амиа алддаг байна.
Тиймээс замын цагдаа нар иргэд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавьдаг болжээ. Дүрэм зөрчигчдийг хар жагсаалтад оруулж хурууных нь хээг бүртгэж авдаг. Тухайн зөрчлөөс хамаараад торгуулийн хэмжээ янз бүр. Жишээ нь улаан гэрлээр гарцаар гарвал 100 юань буюу 16 ам.доллараар торгуулна.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Хэнань мужид бас иймэрхүү явдал болжээ. Согтуу машин барьж явсан эрэгтэй шийтгэхгүй байхыг цагдаа нараас гуйн ээжийнхээ хамт цагийн турш өвдөг сөгдөн гуйжээ. Үүнээс залхсан хоёр замын цагдаа бас өвдөг сөгдөж хөдөлгөөний дүрмийг тайлбарлав. Эцэст нь цагдаа нар 10400 юаниар торгож хагас жилээр эрхийг нь хасчээ.