Англи хэлний түвшингээр Монгол 70 орноос 64-т жагслаа
2015.11.09

Англи хэлний түвшингээр Монгол 70 орноос 64-т жагслаа

1965 онд үүсэн байгуулагдсан 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн "Education First" боловсролын байгууллага дэлхийн улс орнуудын англи хэлний түвшинг тогтоодог тав дахь удаагийн тайлангаа гаргав.

Уг тайланд дэлхий, бүс нутгийн түвшинд англи хэлийг хэр судалж байгааг тодорхойлсны зэрэгцээ тухайн улсын англи хэлний түвшинг эдийн засгийн өрсөлдөх чадвартай нь харьцуулж судалжээ. Энэ жил  "Education First" байгууллага англи хэл судалж буй 70 орны насанд хүрсэн 910 мянган хүнээс тестээр шалгалт авч рейтинг тогтоосон байна.

Монгол улсын хувьд англи хэлний түвшин тогтмол өсөж байгаа ч ерөнхий түвшин маш доогуур буюу 70 орноос 64 дүгээр байрт орсон байна. Дашрамд дурдахад монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү англи хэлтэй гэж дүгнэжээ.  

Тухайн улсын англи хэлний боловсрол болон Үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ), амьдралын түвшин, интернэтийн тархалт зэргийн хоорондын хамаарал маш тод байдаг. Монголыг Саудын Арабтай харьцуулвал Монголын ҮНБ 8 810 00 ам.доллар, Саудын Арабынх 53 640 00 ам.доллар, монголчууд боловсролдоо орлогынхоо 45,3 хувийг, арабууд 66,9 хувийг зарцуулдаг. Гэхдээ англи хэлний түвшингээр Саудын Араб Монголоос доор, 68 дугаар байрт жагссан байна.

Энэ удаагийн тайланд анх удаа англи хэлний түвшинг эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулан гаргажээ.