"Эрдоганчууд"-ын гэнэтийн ялалт
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ялалтаа тэмдэглэж байна.
2015.11.04

"Эрдоганчууд"-ын гэнэтийн ялалт

Туркийн парламентийн сонгууль ажиглагчдын таамаглаж байснаас тэс өөр үр дүн гарлаа. Сонгуулиар тус улсын ерөнхийлөгч Эрдоганыг дэмжигч, ерөнхий сайд Ахмет Давутоглугаар толгойлуулсан Туркийн "Хөгжил, шударга ёсны нам" (ХШЁН) бүрэн ялалт байгуулав. Шинжээчид тус намыг хамгийн ихдээ 40 хувийн санал авна гэж тооцоолж байсан ч тэдний таамаглал буруу байж.  

Гэнэтийн гэхэд дэндүү гэнэтийн

Сонгуулийн өмнөх өдрүүдэд Турк улсад нөхцөл байдал түгшүүртэй байв. Эрх баригчид сөрөг хүчний талын хоёр телевиз, хоёр сонинг хааж, аюулгүйн албаныхан Курдын Ардчилсан намыг дэмжигчдийг баривчлав. Сонгуулийн өдөр юу болох бол гэсэн айдас түгшүүртэй байсан ч санал хураалт бодож байснаас тайван өнгөрсөн байна.

Сонгуулийн сурталчилгаа дуусчихаад бахад зурагт хуудсаа аваагүй байсан, ерөнхийлөгч Эрдоганы дэмжигчид болон эсэргүүцэгчид хаа нэгтээ зодолдсон, тэднийг салгахын тулд цагдаа нар нулимс асгаруулсан зэрэг зөрчил гарсан ч курдуудын район дахь байнгын буудалцаантай харьцуулахад энэ нь шалихгүй хэрэг билээ.

Санал хураах цэгүүд хааснаас цаг хагасын дараа Туркийн Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн урьдчилсан дүнг зарлалаа. Хөгжил, шударга ёсны намыг ялагдана гэж үзэж байсан улс төрч, судлаачид, шинжээчдийг энэ дүн алмайруулав. Учир нь алслагдмал мужуудын саналын хуудсыг тоолоход Эрдоганы нам 54 хувийн санал авч, үндсэн хуульд заасан дангаар засгийн эрх барих хэмжээнд ойртож ирэв.

Томоохон хот, далайн эргийн чинээлэг мужуудын саналыг тоолсны дараа ХШЁН-ын  хувь хэмжээ доошилж, нийт 550 суудлаас 317-ыг нь авч дангаар эрх барихад 13 саналаар дутсан юм.

Саналын хуудсыг тоолж байна

Ерөнхийлөгчийн өдөөн хатгалт

Туркийн үндсэн хуулийн дагуу Засгийн газар бүрдүүлэхийн тулд 276 суудал хэрэгтэй бөгөөд өнгөрсөн зургаан сард ялагдал хүлээсэн Эрдоганы нам энэ үзүүлэлтийг давуулан биелүүлжээ. Гэхдээ зургадугаар сарын ялагдал тохиолдол байгаагүй. Шинэ засгийн газар төвөгтэй олон асуудалтай тулгарна.

Нэгдүгээрт, 2013 оноос өнөөг хүртэл намжаагүй эрх баригчидтай холбоотой авлигын хэргүүд яригдана. Энэ хэргээс үүдэлтэй гурван ч сайд огцорсон.

Хоёрдугаарт, ерөнхийлөгч Эрдоган гэртээ олон сая ам.доллар бэлнээр хадгалж байсан нь утасны ярианаас нь илэрсэн хэрэг орно. Энэ явдлаас хойш олон улсад түүнийг хамгийн амбицтай, тансаглах дуртай ерөнхийлөгч гэж нэрлэх болов. Өөрөө ч ингэж хэлүүлэх шалтаг байнга гаргадаг.

"Туркийн ерөнхийлөгч Эрдоган домогт Версалийн ордноос 4 дахин, Обамагийн цагаан ордноос 30 дахин том, 615 сая ам.долларын өртөгтэй, 1150 өрөөтэй хувийн харш бариулжээ."

Түүнийг ордон бариулах зуур Туркийн эдийн засгийн өсөлт удааширч, үндэсний валютын ханш буурч, гадаад худалдаа их хэмжээний алдагдалтай гарч, ажилгүйдэл 10 хувьд хүрсэн төдийгүй улсын мөнгө гадагшаа урссан гунигтай дүр зураг ажиглагдаж байв.

Түүнээс гадна ерөнхийлөгч Эрдоган "Сирийн Башар Асадыг унана" хэмээн эндүүрч, Сирийн сөрөг хүчнийг дэмжсэн боловч Башар Асад уналгүй дайтсан хэвээр байснаар Турк улс Сирийн дүрвэгсэдээр дүүрэв. Гадаад бодлогод гаргасан түүний энэхүү алдаа байдлыг улам дордуулсан байна.

Энэ мэтээс болж 5 сарын өмнөх дүр зургаар бол парламентын сонгуульд ялагдал хүлээх нь тодорхой болсон ХШЁН энэ удаа дайсан нь курдуудын ачаар ялалт байгууллаа.

Эрдоганы харш

Курдууд "Эрдоганчуудад" яаж туслав?

Өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар курдын талыг барьдаг Ардчилсан нам (АН) сонгогчдын 13 хувийн санал авч, түүхэндээ анх удаа сонгуулийн босго давж, парламентад 80 суудалтай болсон юм. Энэ амжилтын үндэс нь Эрдоганд урам хугарсан курдуудын дэмжлэг байлаа. Эрдоганы хувьд АН-ын амжилт том сэрэмжлүүлэг болж, дараагийн сонгуулиар хариугаа авах бодол өвөртөлсөөр иржээ.  

Долдугаар сарын 20-нд Турк, Сирийн хил орчмын Суруч хотод дэлбэрэлт болж, ихэвчлэн Курдын иргэд болох 32 хүн амиа алдав. Хэргийн эзэд нь “Исламын улс” байв. “Курдистаны ажилчны намын”-хан Туркийн эрх баригчдыг алан хядагчидтай үгссэн хэмээн үзэж хоёр жилийн өмнө Турктэй байгуулсан энхийн гэрээгээ цуцалж, Туркийн армитай партизаны дайн эхлүүлсэн билээ. Албан бус тоо баримтаар Турк болон курдуудын талаас тус бүр 1500 хүн амь үрэгджээ.  

Туркийн арми Исламын улсын эсрэг дайтах нэрийдлээр Сирид байдаг курдуудыг бөмбөгдөж эхэлсэн нь байдлыг улам хурцадмал болгов.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган курдуудын эсрэг дайн зарласнаар аюултай тоглоом эхлүүлж, олон нийтэд нэр хүндээ алдаж, АН-ын рейтинг өсч байгаа гэдгийг санал асуулгын дүнгүүд харуулсан юм.

Ард түмэн эцсийн эцэст курдуудыг биш, тогтвортой байдлыг дэмжинэ гэсэн Эрдоганы тактик үр дүнгээ өгч энэ удаагийн сонгуулиар ХШЁН ялалт байгуулав. ХШЁН мөрийн хөтөлбөртөө бүх төрлийн террористуудтай тэмцэнэ гэж амласан нь өнгөрсөн таван сарын турш болсон алан хядлагаас залхсан, айж түгшсэн хүмүүсийн бодлыг өөрчлөхөд хүргэжээ.

Цаашаа яах уу?

Гэхдээ ерөнхийлөгч Эрдоган энэ удаа стратегийн бус тактикийн ялалт байгуулсан. Тэр одоо болтол парламентийн засаглалтай Туркийг ерөнхийлөгчийн засаглалтай Турк болгох зорилгодоо хүрээгүй байна. Туркийн хуулиар үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэхийн тулд парламентаас 330 саналын дэмжлэг авах ёстой. Харин ийм хэмжээний дэмжлэг арай л авч чадсангүй.

Ажиглагчдын үзэж буйгаар энэ удаагийн ялалт Эрдоганд хэдэн жилийн хугацаанд шинэчлэл хийх боломж олгож байна. Эрдоганы бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусах учир үүнээс өмнө амжиж Туркийн олон нийтийг өөрийн үзэл санаанд итгүүлэх хэрэгтэй болж байна.

"Эрдоганы гол зорилго бол төрийн бүх эрхийг гартаа авч 2023 он буюу Туркийн Бүгд Найрамдах Улсын 100 жилийн ой хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах юм."

Өнөөгийн Туркийг ардчилсан гэж хэлэхэд учир дутагдалтай. Эрх баригчид сөрөг хүчний 150 төвийг хааж, нурааснаа нуугаагүй. Гэхдээ Эрдоганы төлөвлөгөө биеллээ олоход хэд хэдэн саад бий. Туркийн эдийн засаг урьдын адил хямралын байдалтай, курдууд бууж өгөхийг хүсэхгүй, Эрдоганы гадаад бодлогын алдаа одоо хүртэл арилаагүй байна.