Шинзо Абэ "бөөн, бөөн" ашигтай гэрээ хэлцэл өвөртөлсөөр эх орондоо ирлээ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол болон Дундад Азийн орнуудаар хийсэн зургаан өдрийн албан ёсны айлчлал өндөрлөв. Тэрээр Монгол, Казахстан, Туркменистан, Тажикстан, Узбекистан, Киргизстан гэсэн зургаан улсын төрийн тэргүүнтэй уулзаж, олон тооны гэрээ, хэлцэл байгуулжээ.
Шинзо Абэгийн зорилготой, зоримог айлчлалууд
Абэ энэ удаагийн айлчлалаар бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлж, өөрийн орны компаниудад зориулж бизнесийн шинэ орон зай, худалдааны боломжуудыг олох зорилготой айлчлалууд хийжээ.
2006 онд Японы Eрөнхий сайд асан Жуничиро Койзуми Казахстан, Узбекистанд айлчилснаас хойш япончууд Дундад Азид албан ёсоор айлчилж байсангүй. Харин Туркменистан, Тажикстан, Киргизид анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Шинзо Абэгийн толгойлсноос өмнөх Засгийн газрууд Дундад Азийн хувьд "зайнаас ажиглах" стратеги баримталж, хааяа нэг ерөнхийлөгчдийг эх орондоо урьдаг байлаа.
Олон улс дахь Японы имижийг Шинзо Абэ бүрдүүлж байна.
Шинзо Абэ гараа хумхиж суулгүй, идэвхитэй алхам хийж, "Япон улс нь Дундад Азийн орнуудтай харилцаагаа өргөтгөх чин эрмэлзэлтэй байна" гэсэн имижийг бүрдүүлж, улсынхаа нөлөөг тэлэх зорилготой айлчлалуудыг хийсээр байв. Японы эдийн засгийн тулгуур болсон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг “абэкономика” гэж нэрлээд байгаа. Абэгийн хувьд энэ төрлийн зах зээлээ Дундад Азид тэлэх бодолтой байна.
Шинзо Абэг 50 топ менежер дагалдаж явав
Казахстан, Туркменистан газрын тос, байгалийн хий зэрэг асар их нөөцтэй. Байгалийн баялаггүй Япон улс эдгээрийг импортолдог болвол эрчим хүчний эх үүсвэрийн тоо олширч цөөн тооны импортлогч орноос хараат байхаа болино. Тиймээс Шинзо Абэг Японы топ 50 компанийн менежер дагалдаж явж, айлчлалын явцад олон тооны үр ашигтай гэрээ, хэлцэл хийсэн. Туркменистанд гэхэд 18 тэрбум гаруй долларын дүнтэй хэлцэл хийжээ. Тэр дундаас хамгийн том нь нефть дахин боловсруулах үйлдвэрийн төсөл байлаа.
Шинзо Абэ энэ их ашиг сонирхол, өрсөлдөөн дунд гараа хумхин, зүгээр суусангүй
Зөөлөн хүчний стратеги
ЗХУ задарсан ч Дундад Ази дахь Оросын нөлөө хүчтэй хэвээр байна. Тиймээс ч Япон улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн орнууд юун түрүүнд Оростой ойр харилцаагаа хадгалж үлдэх бодолтой байгаа нь айлчлалын үеэр илэрхий байлаа. Японы Засгийн газар бүс нутгийн орнуудад зээл тусламж өгөх, эдийн засгийн хөгжлийг нь дэмжих замаар нэр хүнд, нөлөөгөө бэхжүүлэхийг зорьж байна. Үүгээрээ япончууд гол өрсөлдөгч болсон Хятадаас хоцрохгүй гэдгээ харуулав. Энэ бүс нутгийн том тоглогч Хятад Дундад Азийн асар их нөөцөд нүдээ унагасаар, Японоос өрсөхийг хичээдэг.
Сүүлийн жилүүдэд Хятад улс "Нэг бүс – нэг зам" нэртэй үзэл санааг дэвшүүлж, Дундад Азиар дайрч Евразийн өрнө, дорныг хуурай болон усан замаар холбосон эдийн засгийн аварга том бүс байгуулахаар ажиллаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын санаачлагаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Хятадын нөлөөг тэлэх гол хэрэгсэл болох юм. Одоогоор Дундад Азийн 4 улс энэ банканд гишүүнээр элсэхээ мэдэгдээд байна.
Японоос өрсөх гэсэн Хятад
Хятад улс удахгүй Дундад Азийн "өрхийн тэргүүн” болох магадлал өндөр байна
Нөгөө талаас ОХУ нь Европын холбоо, АНУ-ын хоригоос болж хүссэн хүсээгүй Хятадтай ойр ажиллахаас өөр аргагүй болсон.
Энэ нөхцөлд байгалийн асар их баялагтай ОХУ, БНХАУ хоёр идэвхитэй бодлого явуулж, хоорондоо өрсөлдөж байхад Шинзо Абэ зүгээр хараад суухгүй.