Авлигыг ялж чадсан Хонконгийн туршлага
Авлига нь баялгийг хувь хүн, бүлгийн явцуу сонирхлын хүрээнд хувиарлахад зориулсан сүлжээн дээр үндэслэсэн байдаг. Авлигын энэхүү сүлжээ нь төрийн албан тушаалтан, томоохон бизнесменүүдийн төсвийн мөнгийг хувиарлах, зарцуулах нийтлэг ашиг сонирхлыг хангадаг. Энэ сүлжээгээр тухайн улсын ДНБ-ний томоохон хэсэг нь дамждаг.
Энэ талаас нь авч үзвэл авлигыг ялахад маш хэцүү гэж үздэг нийтлэг хандлага бий. Зарим нь бүр ялах боломжгүй гэдэг. Гэвч Хонконг улс өөрийн жишээгээр энэ хандлагыг няцаасан түүхтэй. Саяхныг хүртэл “түшмэдэд долгинох”, “хэрэгтэй хүнд талархах ёстой” гэсэн хандлага давамгайлдаг байсан Азийн энэхүү хот улс өнөөдөр бараг авлигагүй амьдарч байна. Улс орнуудын авлигын индексийг гаргадаг Transparency International ОУБ-ын гаргасан рейтингээр 14 дүгээр байрт орж Английг ардаа орхижээ. Түүнчлэн Япон, Австриас давуу үзүүлэлттэй байна.
Бараг 100 жилийн турш авлига гэдэг Хонконгод уламжлал байсан учраас энэ хотын түшмэд, ард иргэдийг хахууль авч, өгөх зуршлаас нь салгах боломжгүй мэт санагдаж байв.
Авлигыг ялахын тулд эрх баригчид улс төрийн эр зориг гаргаж, тухайн албан тушаалтны нэр, нөлөөг үл харгалзан авлигатай тэмцэх ажлыг шат дараалалтай хэрэгжүүлж чаджээ. 1974 онд авлигын эсрэг кампанит ажил эхлэхэд төрийн аппаратын 98 хувь нь авлигад идэгдсэн байв. Авлигын эсрэг дараах ажлуудыг хэрэгжүүлжээ.
- “Төрийн албан тушаалтан авлигын хэрэгт сэжиглэгдсэн бол авлига авсан нь нотлогдоогүй бол буруутай биш” гэсэн хууль зүйн зарчмыг өөрчилж “Авлигын замаар аваагүй гэдгээ нотол” гэсэн шаардлагыг тавьдаг болжээ. Энэ нь барууны орнуудад ашигладаг "in rem" буюу хөрөнгийг нь хураадаг зарчимтай төстэй юм.
Ингэснээр хэрэв тухайн албан тушаалтан гадаадын дансан дахь мөнгөө, эсвэл үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй эд зүйл худалдаж авсан мөнгөө хууль ёсны замаар олж авсан гэдгээ нотолж чадахгүй бол хуулинд зааснаар 15 жил шоронд суух ял авна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн даруй Хонконгийн хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан аавын хаалга татжээ.
- 1974 онд Авлигатай тэмцэх хараат бус комиссыг (АТХБК) байгуулав. Уг комисс нь Хонконгийн Ерөнхий амбан захирагчийн удирдлаган дор байсан учир Дотоод яам, Төрийн аюулгүйн албаны аль нь ч нөлөөлөх боломжгүй. Комиссын гишүүдийн цалин нь хүчний байгууллагын албан хаагчдын цалингаас 20-30 хувь илүү байв.
Комисс авлигачдыг илрүүлээд зогсохгүй авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг байв. Өөрөөр хэлбэл бизнесийн үйл ажиллагаанд зөвшөөрөл өгдөг байгууллагууд, замын цагдаа, мөрдөн байцаах алба, шүүх зэрэг авлигад хамгийн их өртөмтгий салбаруудад авлига үүсэх нөхцөл бүрдэхээс сэргийлдэг байв.
Түүнчлэн Хараат бус комисс авлигачид гэмт үйлдэлдээ шинэ схем ашиглаж байгаа эсэхийг байнга судалдаг байжээ. Хараат бус комиссоос багахан ч гэсэн сэжиг төрсөн тохиолдолд аль ч төрийн байгууллага, яаманд шалгалт хийх эрхтэй.
Хараат бус Комисс ажиллаж эхэлснээс хойш 220 албан тушаалтан баригдаж, хоригдов. Тэдний тоонд Хонконгийн Цагдаагийн дарга ч багтав.
Илүү эрх мэдэлтэй Хараат бус комиссын гишүүд өөрсдөө авлигад татагдахаас сэргийлэхийн тулд сэхээтэн, хувийн хэвшлийн салбарын төлөөллөөс бүрдсэн олон нийтийн байгууллагууд тус комиссын үйл ажиллагааг хянадаг байв. Хэрэв комиссын гишүүн авлигын хэрэгт сэжиглэгдвэл тэр даруй халж шүүхийн байгууллагад шилжүүлнэ.
- Энгийн иргэд, сэтгүүлчид авлигын тухай чөлөөтэй мэдээлэх боломжтой болов. Аажимдаа тэд комиссын хамгийн сайн туслагчид болов. Хараат бус комисс дэргэдээ 24 цагийн турш мэдээлэл авах шуурхай шугам ажиллуулдаг болов. Хэрэв тухайн хүн аргагүй байдалд орж авлига өгөхөд хүрсэн бол гэмт хэрэгт тооцохгүй. Тухайлбал бизнес эрхлэгч зөвшөөрөл авахын тулд авлига өгөхөд хүрсэн бол тэр буруугүй, харин авсан албан тушаалтан буруутай.
Авлигатай амжилттай тэмцэж, олон нийтийн хандлагыг өөрчлөхийн тулд Хараат бус комисст мөрдлөг явуулах бүрэн эрхийг өгсний зэрэгцээ шинэ шинэ нийгмийн стратегийг хэрэгжүүлжээ. Анх авлига энэ улсад хувалз шиг шигдсэн, хүмүүс шийдэх боломжгүй гэж үздэг асуудал байв. Хэрэв үнэхээр шийдэмгий алхам хийж чадвал үр дүнд хүрч болдгийг Хонконгийн энэхүү жишээ харуулж байна.