Хятадууд яагаад Японыг үзэн яддаг вэ?
2015.09.07

Хятадууд яагаад Японыг үзэн яддаг вэ?

Хятадууд саяхан Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн ч европчуудын хувьд ямар учиртай баяр тэмдэглэсэн нь ойлгомжгүй. Энэ дайнд хятадууд 24 сая хүнээ алдсан нь тэдний түүхэн ой санамжид тодоос тод үлджээ. Уг гунигт дурсамж хятадуудын Японыг үзэн ядах үзлийн үндэс болдог.

Дорнын зэрлэгүүд

19 дүгээр зууны эцэс хүртэл хятадууд япончуудыг олон мянган жилийн түүхтэй Хятадын соёлын ололтуудыг дуурайсан Дорнын зэрлэгүүд гэж боддог байжээ. Гэвч удалгүй байдал өөрчлөгдөж Хятад Европод удаа дараалан дайнд ялагдаж, харин япончууд Барууны соёлын элементүүдийг шингээж авах болжээ. 1894-1895 оны Япон, Хятадын дайнд хятадууд гутамшигтайгаар ялагдав.

Үүний дараа хоёр улсын үүрэг роль өөрчлөгдөж Хятадын сэхээтнүүд, түүний дотор “Үндэстний эцэг” гэгддэг Сун Ят Сэн хүртэл Япон руу сурахаар явж байв. Токиод байгуулагдсан “Түкмэнхай” хөдөлгөөн 1912 оны Синхайн хувьсгалын гол хөдөлгөгч хүч болов. Гэвч удалгүй Хятадад эмх замбараагүй байдал, иргэний дайн дэгдэж 1913 онд япончууд бараг ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүй Манжуурыг эзэлж Манжгоогийн тоглоомын улс байгуулав. 1936  он гэхэд Японы милитаристууд засгийн эрхийг эзэгнэж дараа жил нь Япон Хятадад дайн зарлав.

Нанкины хядлага

Өнөөгийн хятадуудын Японд хандах хандлага хоёрдугаар дайнаас эхтэй. Япон цэргүүдийн 1937-1945 онд хийж байсан хэргийг Хятадууд геноцид буюу хятадуудыг бөөнөөр нь хомроглон устгасан хэрэг гэж үздэг. Хятадын түүхчдийн бичсэнээр япончуудын гарт 7 сая орчим цэрэг, 17 сая гаруй энгийн иргэд амиа алджээ.

Үүнээс хамгийн аймшигтай нь Нанкинд болсон аллага юм. Гурван сар байлдсаны дараа япончууд Хятадын тэр үеийн нийслэл Нанкин руу хөдлөв. Тосиаки Мукаи, Цуёси Нода нэртэй хоёр япон офицер хятадын олзныхноос хэн нь илүү олон хүн алахаа үзэж уралджээ. Эхлээд хэн нь сэлмээр илүү хурдан 100 хүнийг цааш нь харуулах вэ гэдэг дээр тэмцээн зохиов. Гэвч алсан хүнээ тоолж чадаагүй учраас нэмэлт раунд гаргаж 150 хүн алахаар болов.

Харин хэдэн өдрийн дараа япончуудын Нанкинд хийсэн хядлага айдас төрүүлмээр. Насанд хүрсэн бүх эрэгтэйчүүдийг хотоос гаргаж алав. Дараа нь хотын дотор хядлага эхлэв. Япон цэргүүд зэвсэггүй энгийн иргэдийн толгойг цавчин жадны үзүүрт өлгөж, нохой тавьж, нүдийг нь ухаж, гэдсийг нь хүүлж байв. Одоо болтол чухам хэдэн хүн алуулсан нь тодорхойгүй. Хятадын түүхчдийн үздэгээр 200-500 мянган хүн. Аймшигт хэргийг зайнаас ажигласан хүмүүсийн ярьснаар тэгэхэд Янзцы гол завиар гатлах боломжгүй болж цогцсоор дүүрсэн байжээ.  Охид, жирэмсэн эмэгтэйчүүд, эмгэд, түүгээр барахгүй гэлэнмаа нарыг оролцуулаад 20-80 мянга хүртэл эмэгтэйг хүчирхийлжээ.  Тэр байтугай эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж байжээ. 

Сэлмээр 100 хүн алах тэмцээн

Нанкин. Японы цэргүүд хятадын олзныхноор жадаар байлдах сургуулилт хийж байна.

Нанкин. 1937 он

Химийн аргаар устгасан нь

Тэр үед Хятадын нутагт Тахалаас сэргийлэх, ус цэвэршүүлэх хэлтэс ажиллаж байв. Уг хэлтсийн тусгай отрядууд хими, биологийн зэвсгийн судалгаа хийж байсан бөгөөд японы цэргийн эмч нар хэргээр хятадуудыг булчин задлах тахал, салхин цэцэг зэрэг өвчин халдааж, шинэ эмийн туршилт хийж, хөлдөөж, өвдөж тарчлахыг нь харахын тулд хөл, гарыг нь тайрч байжээ.

Япончуудад олзлогдсон хятад цэргүүдэд амьд үлдэх найдлага байсангүй.  Дайны дараа дөнгөж 56 олзны хятад чөлөөлөгджээ.

Японы эрдэмтэд амьд хүн дээр туршсан мэдлэгээ практик дээр шалгаж тахал халдаасан бөөсөөр дүүргэсэн биологийн бөмбөгийг хятадын хотуудаар хаядаг байв. Гэхдээ японы агаарын хүч голдуу энгийн бөмбөг хаях дуртай байв. 1938-1945 онд Японы онгоцууд Хятадын том хотуудад 5000 гаруй дайралт хийжээ.

Хятадын хуурай замын цэрэг генерал Окамурагийн “санко сакусен” буюу “гурван бүгд” (бүгдийг шатаа, бүгдийг ал, бүгдийг дээрэмд) стратегийг ашиглаж байв.  Япончууд бүх ургацыг хураан авч, тосгодыг сүйтгэж, хятадуудаар мини булуулж, сэжигтэй харагдсан бүгдийг устгадаг байв. Окамурагийн стратегийн уршгаар хоёр сая гаруй хүн амиа алджээ. Японы армийн ар талд “зугаа цэнгэлийн станци” нэртэй хятад эмэгтэйчүүдийг хүчирхийлж зугаацдаг клуб маягийн газрууд байв. 1942 оны байдлаар хятадад 280 зугаа цэнгээний станци ажиллаж байжээ.

Япончууд бууж өгсний дараа олон улсын шүүхээр  920 хүнийг цаазалж, 425 хүнд насаар нь хорих ял оноожээ. Гэвч  Германд болсон шиг дэлхийн дайныг дэгдээсэн үзэл суртлын бүрэн цэвэрлэгээ явагдаагүй. Тиймдээ ч олон арван тушаалд гарын үсэг зурсан Японы эзэн хаан Хирохитог гэмт хэрэгтний тооноос хасч, олон цэргийн дарга нар багахан хэмжээний ял авчээ. 

Цаазлахын өмнө

Япончуудын химийн дайралтын дараа