Бээжингийн парад ба дэлхийн улс төр
Маргааш буюу есдүгээр сарын 3 нд БНХАУ-ын нийслэлд түүхэнд анх удаа Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад зориулсан цэргийн парад болно. Бээжингийнхэн уг арга хэмжээг Хятад улс энэ дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг сануулах зорилгоор зохион байгуулж байна. Гэвч дайны үед Хятадын холбоотон байсан зарим улсын тэргүүнүүд ёслолын арга хэмжээнд ирэхээс татгалзав. Умард Солонгосын лидер Ким Чен Ун ч оролцохгүй нь бас нэг содон мэдээ болов.
Бээжингийн парад Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын оргил хэсэг нь болно. Япончууд бууж өгөх гэрээнд 1945 оны есдүгээр сарын 2 нд гарын үсэг зурсан ч Хятадууд есдүгээр сарын 3 гэж үздэг. Хятадын дипломатчдын хувьд энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой.
Хятадын эрх баригчид улс орноо гол ялагч орнуудын нэг хэмээн харуулахыг хүсч байгаа. Түүнчлэн Хятадын Коммунист нам Японы түрэмгийллийг зогсооход үндсэн, тэргүүлэх хүч байсан гэдгийг ард түмэндээ сануулах хэрэгтэй.
Тиймээс парадын үед индэр дээр аль болох олон төрийн тэргүүн байх нь чухал. Хятадын дипломатууд чадах бүхнээ хийж өнгөрсөн долоо хоногт баярын арга хэмжээнд оролцох гадаад төлөөлөгчдийн албан ёсны жагсаалтыг гаргав.
Чехийн ерөнхийлөгч Милош Земан
Барууны орнуудын ихэнх төрийн тэргүүнүүд Хятадад тийм ч талтай бус. Жишээ нь АНУ-ын Барак Обама парадад оролцохгүй. Гэхдээ энэ нь америкчууд болон түүний холбоотнууд Бээжингийн баярыг үл тоомсорлосон гэсэн үг биш бөгөөд хоёрдугаар зэргийн өндөр албан тушаалтнуудаа оролцуулахаар болжээ. Европын холбооны улсуудаас оролцож буй цорын ганц хүн бол Чехийн ерөнхийлөгч Милош Земан. Тэрээр таван сард Москвагийн парадад ч оролцсон юм.
Нөгөө талаас Оросын ерөнхийлөгч Путинаас гадна Белорусь, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг хуучин зөвлөлтийн орнуудын ерөнхийлөгчид оролцоно. Харин Европын холбоо, АНУ-тай ойр байдаг хуучин зөвлөлтийн гурван орон парадад ирэхгүй.
Мөн Хятадтай худалдаа хийж, Хятадын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой Бирм, Конго, Вануата зэрэг хэд хэдэн хөгжиж буй орны төрийн тэргүүнүүд оролцоно.
Хятадын дарга парадад оролцохоор ирсэн Казахстаны ерөнхийлөгч Назарбаевыг угтаж байна.
Түүнээс гадна Хятадтай түүхэн холбоотой Венесуэл, Пакистан, Монгол, Вьетнам, Лаос зэрэг улсуудын ерөнхийлөгч ирнэ.
Хятадын ойрын хөршүүд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хойд Солонгосын Ким Чен Ун нар ирэхгүй. Харин Барууны холбоотон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хын Хэ өөрийн биеэр оролцоно.
Шинзо Абэ ирэхгүйд гайхаад байх зүйлгүй. Сүүлийн жилүүдэд арлын маргаанаас болоод Хятад, Японы харилцаа төвөгтэй болсон. Хоёр улсын эрх баригчид аль аль нь бодит, эсвэл санаанаас зохиосон гадны аюулын эсрэг хүн амаа өдөөж үндсэрхэг үзлийг улам өөгшөөж байгаа. Түүнээс гадна Япон улс Германаас ялгаатай нь Хоёрдугаар дайны үр дүнг арай өөрөөр харж тарьсан хэрэгтээ бүрэн гэмших дургүй хандлага ажиглагддаг.
Солонгосын хойгийн хувьд нөхцөл байдал хачин жигтэй. Нэг талаас Бээжингийн парадад оролцох Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хын Хэгийн эцэг Хоёрдугаар дайнд Японы эзэн хааны армид хүчин зүтгэж байв. Нөгөө талаас өвөө нь партизаны армийн толгойлогч явсан Ким Чен Ун баярт оролцохоос татгалзав.
Гэхдээ ялалтын парад гэдэг зөвхөн өнгөрснийг дурсан санах ажил биш бөгөөд орчин үеийн улс төрийн амьдралд том нөлөө үзүүлэх үйл явдал юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хын Хэ
Тиймдээ ч хоёр Солонгосын шийдвэр цаанаа учиртай. Хятад нь Өмнөд Солонгосын худалдааны чухал түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт Япон, АНУ хоёрын эргэлтээс илүү гарчээ. Японоос ялгаатай нь Өмнөд Солонгос Хятадыг аюул хэмээн үзэхгүй байгаа учраас Вашингтон, Бээжин хоёрын дунд одоохондоо тэнцвэртэй харилцааг барих боломжтой. Ийм бодлого эдийн засгийн болоод стратегийн агуулгатай.
Харин Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаар Хятад, Хойд Солонгосын хооронд багагүй зөрчлүүд үүссэн. Хятадууд Умардын цөмийн бодлогыг таашаадаггүй, Кимийн эхлүүлсэн шинэчлэл хэтэрхий удаан явж байгаа нь Хятадын дургүйг хүргэдэг. Хойд Солонгос Хятадад итгэдэггүй. Сүүлийн жилүүдэд дипломат түвшинд нэг бус удаагийн тулаан болж олон салбарт хоёр орны хамтын ажиллагаа зогссон. Хятад Умардын дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа эрс багасгав.
Ер нь Ким Чен Ун аливаа томоохон уулзалтад оролцох дургүй. Засгийн эрхийг өвлөөд гурван жил гаруй болохдоо гадаад орны нэг ч төрийн тэргүүнтэй уулзаагүй. Москвагийн парадад ч оролцоогүй.
Таван сард Москвад болсон Ялалтын баярын нэгэн адил Бээжингийн парадад оролцох төрийн тэргүүнүүдийн жагсаалт ч бас Хятадын гадаад бодлогын чухал нэгэн үзүүлэлт болох юм.