Долоон жилийн дараа Хятад биш Энэтхэг хамгийн их хүнтэй болно
Энэтхэгийн хүн ам өнөөдөр 1,31 тэрбумд хүрчээ
2015.07.31

Долоон жилийн дараа Хятад биш Энэтхэг хамгийн их хүнтэй болно

НҮБ –аас Дэлхийн хүн амын тооны талаарх ээлжит урьдчилсан төлөвөө нийтлэв. Хэдийгээр өсөлт удааширч байгаа ч 2050 он гэхэд Дэлхий дээр 10 тэрбум хүн амьдардаг болох нь. Сонирхолтой нь Энэтхэг улс 2035 он гэхэд хамгийн олон хүн амтай улс болно.

Энэтхэг улс урьдчилан тооцоолж байснаас 6 жилийн наана хамгийн олон хүн амтай орноор тодрох төлөвтэй байгаа аж. Өнөөдөр Хятад 1,38 тэрбум, Энэтхэг 1,31 тэрбум хүн амтай. 2022 он гэхэд энэ хоёр улс тус бүр 1,4 тэрбум хүнтэй болно. Цаашдаа 2030 оныг хүртэл Энэтхэгийн хүн ам тогтмол өсч, харин Хятадынх саармагжина. Энэ нь 2023-2035 оны хооронд Энэтхэг хүн амын үзүүлэлтээр нэгдүгээрт орно гэсэн үг. Урьдчилсан тооцоогоор энэтхэгчүүд 2030 онд 1,5 тэрбум, 2050 онд 1,7 тэрбумд хүрнэ.

10 жилийн өмнө Дэлхийн хүн ам жил бүр 1,24 хувиар өсч байв. Өнөөдөр өсөлтийн хурд удааширч 1,18 хувь буюу ойролцоогоор 83 сая хүнээр буурчээ. Өсөлтийн хурд 60-аад онд хамгийн эрчимтэй байснаа 70-аад оноос буурч эхэлсэн юм.

Дэлхийн нийт хүн ам эдүгээ 7,3 тэрбумд хүрчээ. Шинэ прогнозоор энэ зууны дунд үе гэхэд 9,7 тэрбумд хүрнэ. Хамгийн ихээр өсч буй бүс нутаг нь Африкийн улсууд.

2015-2050 онд Энэтхэг, Нигер, Пакистан, Ардчилсан БН Конго улс, Эфиопи, Танзани, АНУ, Индонези, Уганда зэрэг улсуудад өсөлтийн талаас илүү нь ногдож байна.

НҮБ-ын илтгэлд бичсэнээр төрөлтийн түвшин буурсан ч гэсэн 2050 онд дэлхийн хүн ам 10 тэрбумд дөхөж очих нь дамжиггүй аж. Харин 2100 он гэхэд 12,5 тэрбумд хүрнэ гэжээ.

30 гаруй жилийн дараа Хятад, Энэтхэг, Индонези, Нигер, Пакистан, АНУ зэрэг улсын хүн ам тус бүр 300 саяас давна. Энэ үед Нигери улс хүн амын тоогоор АНУ-ыг ардаа орхиж дэлхийд гуравт жагсах болно.

Хэрэв төрөлтийн өнөөгийн чиг хандлага хэвээр хадгалагдвал 48 орны 27 нь буурай хөгжилтэй байдаг Африк тив 2050 оноос хойш хүн ам нь эрс өсөх цорын ганц тив болно. Хар тивийн хүн ам тэр үед дэлхийн хүн амын 25 хувь, энэ зууны төгсгөлөөр 39 хувийг эзэлнэ. Азийн хүн амын эзлэх хувь 21 дүгээр зууны дунд үед 54 хувь, төгсгөлөөр 44 хувь болж буурна.

Харин Европын хувьд хүн ам тогтмол буурч одоо байгаа 783 саяас 2100 он гэхэд 646 сая болж багасна.

Дэлхийд хүн амын тоо өсөхөөс гадна насжилт уртасна. 2000-2005 онд дундаж наслалт 67 байсан бол 2010-2015 онд 70 болжээ. Өсөлтийн энэхүү чиг хандлага цаашид үргэлжилж 2045-2050 онд дундаж наслалт 77, 2095-2100 онд 83 болох ажээ. 21 дүгээр зууны төгсгөлд Африкчуудын дундаж наслалт 19 жилээр нэмэгдэж 60 хүрнэ. Хэрэв хар тивд ДОХ болон бусад өвчинтэй амжилттай тэмцэж чадвал энэ прогноз биелнэ гэж судлаачид үзэж байна.

Төрөлт буурч, насжилт уртассанаар хөгшчүүлийн тоо ихэснэ. 2030 он гэхэд тэдний тоо 1,4 тэрбум, 2050 онд 2,1 тэрбум, 2100 онд 3,2 тэрбум болох нь.

Европод энэ зууны дунд үе гэхэд нийт хүн амын 34 хувь буюу гурван хүн тутмын нэг нь 60 настай байна. Энэ үзүүлэлт өнөөдөр 24 хувьтай.