Казахстаныг Назарбаевгүйгээр төсөөлөхүй
Казахстан улс нь Дундад Азийн хөршүүдээсээ ялгаатай нь Нурсултан Назарбаевын ачаар тогтвортой хөгжиж буй орон болж чаджээ. Дотооддоо элдвийн хувьсгал, үндэстэн хоорондын мөргөлдөөнгүй. Оросод хар ажил хийдэг цагаачдын мөнгөөр амьдардаггүй. Үндсэндээ Казахстаны эдийн засаг экспортод түшиглэсэн. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайдын ярьснаар Казахстан өнөөдөр нийт 850 төрлийн бараа экспортолдогоос 160 бараагаараа дэлхийн 50 шилдэг экспортлогчийн тоонд оржээ.
Улс төрийн хувьд Назарбаев Дундад Азид өөрийн сонирхолтой Орос, Хятад, АНУ, Европын холбооны алинтай нь ч зөрчилгүй. Хятадын санаачилсан “Шинэ торгоны замын” төсөл Дундад Азийн хамгийн том, амжилттай яваа Казахстанд транзит тээврээр орлого олох, Өрнө, Дорнын орнуудтай харилцаагаа өргөжүүлэх нэмэлт боломжийг олгож байна. Европын аливаа төсөлд итгэдэггүй Путин хүртэл энэхүү төслийг дэмжиж байгаагаа хэлсэн.
Назарбаевт улс төрийн шинэчлэл хийх боломж бий.
Гэхдээ Казахстаны улс төрийн нөлөөлөл дэлхийд байтугай бүс нутагт эдийн засгийнхаа нөлөөлөлтэй эн тэнцэхгүй. Тиймээс сүүлийн жилүүдэд Казахснтаы эрх баригчид улс орноо төрөл бүрээр сурталчлах болсон. Казахуудын нэгэн том бахархал нь нийслэл Астана хот. Хуучин зөвлөлтийн орон зайд орчин үеийн хот болж сүндэрлэсэн. Улс орноо сурталчлах ажлын хүрээнд Экспо – 2017 үзэсгэлэнг санаачилж Назарбаев өөрөө хянаж байгаа. Төслийн хүрээнд бүхэл бүтэн хороолол барьжээ.
Астана хот
Гэвч Казахстаны өмнө хүнд сорилтууд бий. Назарбаевын дараа хэн ерөнхийлөгч болох вэ гэдэг тун сонирхолтой бөгөөд эмзэг асуудал. Казахстанд Дундад Азийн бусад орнуудын адил хагас гар ажиллагааны горимтой гэж хэлж болохоор удирдлагын арга барил төлөвшсөн. Шийдвэр гаргах эцсийн шат Ерөнхийлөгч дээр төвлөрсөн. Маш олон зүйл нэг хүнээс, тодруулбал Назарбаевын хувийн чанараас хамааралтай. Назарбаевын залгамжлагч нь түүн шиг алсын хараатай байж чадна гэдэгт итгэхэд тун бэрх. Зарим судлаачид дараагийн ерөнхийлөгч Назарбаев шиг харизмтай байж чадахгүй бол нэг намын бус олон намын тогтолцоотой парламент бүхий институтын хэлбэрээр шийдэхээс өөр аргагүй олон асуудал үүсэх магадлалтай гэж үзэж байна. Түүхээс харахад улс төрийн шинэчлэл маш төвөгтэй замаар хийгддэг. Гэхдээ Дундад Азийн бусад ерөнхийлөгчидтэй харьцуулахад хэний ч өмнө өргүй Назарбаевын хувьд ийм өөрчлөлтийг хийхэд хамгийн хялбар. Харин Узбекистан, Тажикстанд улс төрийн шинэчлэл хийнэ гэвэл түүн шиг бүтэхгүй зүйл байхгүй.
Хоёр дахь том асуудал бол лалын хэт үзэлтнүүд. Хэдийгээр Казахстан нь амжилттай хөгжиж буй орон ч исламын вирусээс зугтаж чадсангүй. Казахстанд орчин үеийн амьдралын чиг хандлагатай эрс харшлах үзэл, суртлыг түгээгч лалын сүм, хийдүүд цөөнгүй. Энэ үзэгдэл нүүрс устөрөгчийн төрлийн баялаг ихтэй улсын баруун хэсэгт илүү ажиглагдаж байгаа аж. Казахстаны эрх баригчид аюулыг ойлгож хэдэн жилийн өмнөөс асуудлыг шийдэхээр болжээ. Гэвч энэ асуудлыг Казахстан ганцаар биш Дундад Азийн орнуудтай хамтран шийдэх боломжтой нь том саад болж байна.