Японы цэргийнхэн арлаасаа гарч дайтахыг хүсч байна
Японы парламентын доод танхимын аюулгүйн асуудал хариуцсан хороо Ерөнхий сайд Шинзо Абэгийн эрх баригч бүлгийн санал болгосон цэргийнхний эрх мэдлийг нэмэх тухай хуулийн төслийг дэмжлээ. Хуулийн төсөлд зааснаар шаардлагатай нөхцөлд Япон улс холбоотнуудаа хамгаалах эрхтэй болох аж.
Абэгийн үзэж буйгаар япончууд Хятадаас ирэх аюулд бэлдэж, энхийг сахиулах ажилд зүтгэл гаргах хэрэгтэй гэнэ. Түүний санаачлагыг эсэргүүцэгчид хуулийн төсөл нь Үндсэн хуулинд харшилж байна гэж үзэж байна. Санал асуулгын дүнгээр япончуудын 80 хувь нь уг хуулийн төслийг дэмжихгүй байна.
АНУ-ын Зэвсэгт хүчний гол хэвлэл болох Stars and Stripes-ийн мэдээлснээр 7 сарын 16-ны өдөр буюу өнөөдөр хуулийн төслийг доод танхимын хурлаар хэлэлцэх эсэхийг шийдэх аж.
Өнгөрсөн оны 7 сард Японы Засгийн газар Үндсэн хуулийн шинэ тайлбарыг дэмжсэнээр Японы арми холбоотнуудаа гадны аюулаас хамгаалах боломжтой болсон. Энэ алхамыг Бээжин, Сөүлд шүүмжилсэн ч, Вашингтонд дэмжсэн.
Өмнө нь Японы цэргийнхэн зөвхөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд гадаадад ажиллаж байв. Токиогоос тусгай зорилгоор цэргээ илгээсэн цорын ганц тохиолдол нь 2004 оны Ирак болов. Тэнд япончууд зам, байшин барьж, хүмүүнлэгийн тусламж хүргэж байсан ч дайны ажиллагаанд оролцох хориотой байсан юм. Ойрхи Дорнодод байх хугацаанд япон цэргүүд ямар ч хохирол амсаагүй, нэг ч сум гарздаагүй. Гэсэн ч 2006 онд олон нийтийн шахалтаар Кодзумигийн Засгийн газар цэргээ эргүүлэн татахаас өөр аргагүй болов.
Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаныхаа дараа Вашингтоны шахалтаар Үндсэн хууль баталж олон улсын маргаанд цэргийн хүч ашиглахаас татгалзжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадаас болгоомжилж Япон улс Үндсэн хуулиа эргэж харах болжээ.