Казахстаны нийслэл, Ерөнхийлөгч хоёр төрсөн өдрөө тэмдэглэж байна
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев
2015.07.06

Казахстаны нийслэл, Ерөнхийлөгч хоёр төрсөн өдрөө тэмдэглэж байна

Долдугаар сарын 6-ны энэ өдөр Казахстаны нийслэл Астана, Казахстаны ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев хоёрын төрсөн өдөр болж байна.  Өмнө нь Акмола нэртэй байсан энэ хот нь 1998 онд Назарбаевын санаачлагаар улсын нийслэл болсон юм. Саяхныг хүртэл нийслэлийн төрсөн өдрийг долдугаар сарын 10 нд тэмдэглэдэг байв. Харин 2006 оноос 4 өдрөөр урагшлуулж, хоёр жилийн дараа улс даяар тэмдэглэх ёстой баяр, бүх нийтийн амралтын өдөр болжээ. 

Астана энэ онд 17 насны төрсөн өдрөө, ерөнхийлөгч Назарбаев 75 насныхаа ойг тэмдэглэж байна. Хотыг хөгжүүлэх нь Назарбаевын хувьд гол ажил бөгөөд үндсэн объектууд, хот тохижилтын төслүүдийг өөрөө хариуцдаг. Тэрээр нийслэлтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэв.

Назарбаев: Казахстан бол Их талын орон

Назарбаев саяхан Казахстаныг бусад улсаас амархан ялгаж харагдуулах бренд нэр, имижийг бий болгох санал гаргасан. Тэрээр “олонхи улс өөрийн имижтэй. Жишээ нь Японыг Мандах нарны орон, Хятадыг Тэнгэрийн доорхи улс, Нидерландыг Цэцгийн орон гэх мэт.  Тэгвэл Казахстан нь Их талын орон болж таарна” гэж хэлжээ. 

Улс орны имижийг бүрдүүлэх чиглэлээр эрх баригчид сүүлийн хэдэн жил ажиллаж байгаа. Саяхан болсон EXPO-2017 үзэсгэлэнгийн үеэр “Ирээдүйн эрчим хүч” төслийг санаачлагчдын хэлснээр Казахстан нь нөөц нийлүүлэгч орон ч гэсэн ногоон эдийн засгийг эрхэмлэдэг үлгэр жишээч орон болох ёстой аж.