Збигнев Бжезинский: Шинэ хүйтэн дайн аль хэдийнэ эхэлчихсэн
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Збигнев Бжезинский
2015.07.01

Збигнев Бжезинский: Шинэ хүйтэн дайн аль хэдийнэ эхэлчихсэн

ОХУ тив хоорондын пуужингийнхаа тоог нэмж, харин АНУ Зүүн Европ дахь НАТО-гийн гишүүн орнуудад хүнд зэвсгүүд суурилуулах бодолтой байна.  Түүнээс гадна оросууд ойрын болон дунд тусгалын пуужингийн тоог багасгах гэрээг зөрчсөн гэж үзэж буй учраас Вашингтон Европод далавчид пуужингуудаа байрлуулах тухай ярьж эхэллээ.  Ийнхүү Украйны хямрал өөрийн хилээс давах аюултай болж ирэв.

Энэ нөхцөлд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын үед үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Збигнев Бжезинский хэрэв ОХУ Балтийн орнуудад цэргээ оруулвал Украйнд зэвсэг нийлүүлж Путиныг дайнаар сүрдүүлэхийг санал болгож байна. Гэхдээ түүнд хямралыг дайны бус замаар шийдэх хувилбар бий. Эдүгээ 87 настай тэрээр Вашингтонд Стратеги, олон улс судлалын хүрээлэнд ажиллаж байна. 

Збигнев Бжезинскийн Германы “Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Spiegel: Ноён Бжезинский! АНУ, ОХУ-ын хооронд шинэ хүйтэн дайн эхэлж байх шиг?

Збигнев Бжезинский: Хүйтэн дайн аль хэдийнэ эхэлчихсэн. Аз болж хүйтэн дайн халуун болж хувирах магадлал бага.

Өмнөх хүйтэн дайн 40 гаруй жил үргэлжилсэн. Шинэ хүйтэн дайн бас удаан үргэлжлэх үү?

Би тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл өнөөгийн үйл явдлууд илүү хурдан өрнөж байна.  Гадаад бодлогын нөлөө дотоодын улс төрийн амьдралд маш хүчтэй мэдрэгддэг болсон. Тиймээс Украйн задрахгүй бол Оросын эрх баригчид өөр зам хайхаас аргагүйд хүрнэ. Путинг цаг алдалгүй ямар нэг алхам хийх ухаантай хүн гэж бодож байна. Хожим хийх нь хэзээ ч хийгээгүйгээс дээр гэдэг биз дээ?

Путинд байгалиас заяасан өвөрмөц мэдрэмж бий.

Путин үнэхээр ухаантай юу?

Яг тийм гэж хэлэхэд хэцүү. Юутай ч түүнд байгалиас заяасан өвөрмөц мэдрэмж бий.  Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүй байна. Тэр яагаад хөрш орныхоо 40 сая хүн амыг өөрийн эсрэг босгосон нь ойлгомжгүй. Украйнчууд саяхныг хүртэл Оросуудад дургүй байгаагүй. 

АНУ Зүүн Европ, Балтийн орнууд руу хүнд зэвсэглэл илгээхийг зөв гэж үзэж байна уу? 

Тэгвэл тусгаар улсын нутаг дэвсгэрт цэрэг оруулж, дайн өдөөж, зарим хэсгийг нь өөртөө нэгтгэхийг зөв гэж та хэлэх үү?

Та Путины Украйнд хийсэн алхмыг хэлээд байна уу?   

Аливааг үргэлж хоёр талаас нь харах хэрэгтэй.  Энэ тохиолдолд аль нэгэн үйлдэл, түүний хариу үйлдлийн тухай яригдаж байна.  Би дайны эсрэг байдаг. Гэхдээ АНУ-ын хариу үйлдэл дайныг өдөөж байна гэдэгтэй би санал нийлэхгүй.  Харин ч эсрэгээрээ. Хэрэв бид ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй бол дайн дэгдэнэ. 

Гэхдээ Барууны орнууд асуудалд өргөн хүрээнд оролцож байгаа нь Путин Америкийн эсрэг сурталчилгаа хийхэд аятайхан нөхцөл болохгүй байна гэж үү?

Та тэгвэл НАТО-гийн хилийн ойролцоо аюул үүсээд байхад өөрийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт цэрэг байрлуулах эрхгүй гэж хэлэх гээд байна уу?

Гэхдээ Хамгийн аюултай нь Путин бол олон улсын тавцан дахь зальтай тоглогч.  

Хамгийн гол  энэ нь хэр ухаалаг шийдвэр вэ гэдэгт асуудал байна. Яагаад гэвэл НАТО-гийн шийдвэрүүд Путины нэр хүндийг дотоодод улам өндөрт гаргаж байна. 

Таны хэлсэн шиг нотолгоогоор Гитлерийн цэрэг Судетад орсны дараах улс орнуудын идэвхгүй байдлыг зөвтгөж болох байлаа.

Та Путиныг Гитлертэй зүйрлэж байгаа хэрэг үү?

Тэдэнд нийтлэг чанар, мөн ялгаа бий. Жишээ нь Гитлерт хувийн сонирхол байгаагүй. Харин Путинд ийм сонирхол бий.  Магадгүй энэ нь түүний улс төрийн амбицийг хазаарлаж байгаа байх.  Гэхдээ хамгийн аюултай нь Путин бол олон улсын тавцан дахь зальтай тоглогч. 

Бжезинский. 1980 он

Путин Балтийн орнуудад цэргээ орууллаа гэж бодоход НАТО хамгаалах уу?

Мэдээж НАТО-гийн оршин байгаа зорилго нь энэ.  Хэрэв бид бүх дэлхийд хандаад “бид ярьж буй зүйлээ урьдчилан боддоггүй, хэрэв хэн нэгэн бидний ашиг сонирхолд юу ч хийхгүй” гэж  хэлвэл зун амралтанд явахдаа хаалган дээрээ “Би явлаа. Хаалга нээлттэй” гэж бичихээс ялгаагүй зүйл болно. Таныхаар энэ нь аюулгүй байдлын ухаалаг стратеги мөн үү?

Саяхан явуулсан судалгаагаар германчуудын 58 хувь нь ОХУ болон хөрш зэргэлдээ НАТО-гийн аль нэгэн орны хооронд мөргөлдөөн үүссэн тохиолдолд холбоотнуудаа туслахгүй гэж хариулсан.

Энэ тухай мэднэ.  Гэхдээ Герман халдлагад өртвөл АНУ туслах хэрэггүй гэж хэлэх Герман хүн хичнээн байгаа бол?

Магадгүй олонхи нь тусламж хүсэх байх

Ийм л байгаа юм. Нөхцөл байдал өөрчлөгдөхөөр хүний мөн чанар ч өөрчлөгддөг.  Литвичүүд хэмээх энэ жижигхэн ард түмнийг хар. Тэд өөрөө өөрийгөө хамгаална гэж хэллээ.  Тэгэхээр германчуудын хувьд тусламж хүсэх нь ичгүүртэй санагдана. 

Украйны хямралыг шийдэхэд Обама Меркельд гол үүргийг өгсөн. Энэ зөв шийдвэр үү?

Меркель сайн ажиллаж байгаа.  Обамад Ойрхи Дорнодоос эхлээд хийх ажил их бий. 

Меркелийн үзэж буйгаар Украйнд зэвсэг өгөх нь буруу гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

Уг нь Украйны том хотуудыг хамгаалах зорилгоор их буу, миномет зэрэг хамгаалалтын зэвсэг өгвөл зүгээр. Яагаад гэвэл оросууд зэвсэг хэрэглэсэн тохиолдолд гарах золиос маш их гэдгийг ойлгох ёстой. Хүн ам нь ямар ч үнээр хамгаалахад бэлэн хотыг эзэлнэ гэдэг хэцүү. 

Зөрчилдөөнийг гүнзгийрүүлэхгүйгээр хямралыг шийдэх хувилбар таньд байна уу?

ОХУ, Финляндын хоорондох шиг хэлэлцээ байгуулах хэрэгтэй.  Украйнчууд улс төрийн хараат бус сонголт хийх, Европод ойртох эрхтэй байх ёстой.  Харин ОХУ Украйн нь НАТО-гийн гишүүн болохгүй гэдэг баталгааг авах ёстой. Ийм л хувилбар байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Тагнуулын төв газрын тухай олон зүйл ил тод болсон. Таныг үндэсний аюулгүй байдлын зөвлөх байхад Тагнуулын төв газар Германы Канцлер Гельмут Шмитийн (Helmut Schmidt) утасны яриаг чагнадаг байсан?

Би зөвхөн өөрийн хашиж байсан албан тушаалд хариуцлага хүлээх учиртай. Тиймээс би энэ талаар яримааргүй байна.