Элсэлтийн шалгалтан дээр будаа идвэл шоронд хорино (Хятад)
2016.06.08

Элсэлтийн шалгалтан дээр будаа идвэл шоронд хорино (Хятад)

Их Сургуульд элсэх шалгалт өгч буй Хятадын төгсөгчид бусдаас хуулсан тохиолдолд шоронд хорих болсон тухай Reuters агентлаг мэдээлэв.

Хятадын Эрүүгийн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр элсэлтийн шалгалтан дээр “будаа идсэн” тохиолдолд долоон жил хорихоор болжээ. Түүнээс гадна хуулсан этгээд гурван жилийн туршид Хятадын аль ч их, дээд сургуульд шалгалт өгөх эрхгүй болно. Хуульд ийм өөрчлөлт оруулснаар сүүлийн үед ихэд дэлгэрсэн, ялангуяа ухаалаг утас гарснаас хойш газар авсан хуулах үзэгдлийг зогсооно гэж Хятадын Боловсролын яам үзэж байна.

“Гаокао” гэж нэрлэгддэг, манайхаар бол Ерөнхий шалгалт өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд эхэлсэн. Энэ жил нийт 9,4 сая төгсөгч шалгалт өгнө. Хятад хэл, математик, гадаад хэл /англи, япон, орос эсвэл франц хэл/ зэрэг хичээлээр заавал шалгалт өгнө. Түүнээс гадна элсэх сургуулиас шалтгаалж нэмэлт шалгалт өгдөг.