Согтуу жолоочийг шийтгэх дэлхийн туршлага
Монгол Улс 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, олон улсын жишиг, олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан байна. Тиймээс хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар УИХ-ын зарим гишүүд хуулийн шинэчилсэн төсөл санаачлаад ажиллаж байгаа.
Одоо мөрдөгдөж буй хуулиар согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулдаг.
Тэгвэл энэ төрлийн зөрчилд дэлхийн зарим оронд ямар шийтгэл оноодгийг сонирхуулъя.
АНУ-д согтуугаар машин жолоодсоны хариуцлагыг муж болгон өөрийн хуулиар зохицуулдаг. Тухайлбал Флоридад анх удаа баригдвал 6 сар баривчлуулж, 500-1000 доллараар торгуулахаас гадна 0,5-1 жилийн хугацаатай эрхээ хасуулна. Давтан зөрчил гаргах болгонд хариуцлага өндөрсөнө. Дөрвөн удаа зөрчил гаргавал тухайн жолооч дахин хэзээ ч машин жолоодох эрхгүй болж, 5 хүртэл жил хоригдож, дээр нь 5000 доллараар торгуулдаг. Харин Небраска мужид энэ тохиолдолд 15 жил эрхээ хасуулж, 10000 доллар төлж, 1-5 жил шоронд сууна.
Францад хоригдох хугацаа, торгуулийн хэмжээ нь согтолтын түвшингээс хамаардаг. Зөрчил гаргасан этгээд 2 жил хоригдож, 135-4500 евро төлдөг. Согтуугаар машин жолоодож яваад осол гаргаж бусад хүмүүсийг хүнд гэмтээх, эсвэл үхэлд хүргэсэн бол 10 хүртэл жил шоронд хорьж, 150 мянган еврогоор торгодог.
Германд туршлагатай жолооч анх удаа согтуугаар машин жолоодож яваад баригдвал торгуулийн хамгийн бага хэмжээ буюу 500 еврог төлж нэг сараар эрхээ хасуулна. Шинэ жолооч нарын хувьд 250 евро төлнө. Дараа дараагийн зөрчлүүд гаргавал согтолтын түвшнээс хамааруулж 0,5-1 жил хүртэл эрхийг нь хасч 1-3 мянган еврогоор торгоно. Түүнээс гадна зөрчил гаргасан жолооч 300 евро төлж замын хөдөлгөөний аюулгүй байдлын курсэд суух ёстой. Үүнийг зөрчсөн тохиолдолд 1 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ.
Их Британид жолооны ард согтуугаар суусан жолооч 2,5 мянган фунт стирленгээр торгуулж, 3 сараар баривчлуулна. Түүнчлэн эрхийг нь хасах магадлал бий. Согтуугаар машин жолоодсон, эсвэл жолоодохыг оролдсон бол 6 сар хүртэл хорьж, жилээс доошгүй хугацаагаар эрхийг нь хасна. Энэ тохиолдолд торгуулийн хэмжээг шүүхээр тогтооно. Хэрэв согтуугаар машин жолоодсоноос болж осол гарч хүний амь эрсдвэл 14 жилээр хорино.
Испанид согтуугаар машин жолоодвол 1-4 хүртэл жил хоригдоно. Түүнчлэн зөрчил гаргагчийг 3-6 сар баривчлах юмуу эсвэл 31-90 өдөр албадан ажил хийлгэнэ. Хэрэв зөрчил гаргасны дараа жилийн хугацаанд согтуугаар машин жолоодвол нэмж 1000 еврогийн торгууль төлнө. Хэрэв осол гаргаж хүний амь эрсдвэл 6 сараас 5 жил хүртэл хоригдож 1-10 жилээр эрхээ хасуулна.
ОХУ дөнгөж саяхан хуулиндаа нэмэлт оруулж согтуугаар машин жолоодож давтан зөрчил гаргасан жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон. Энэ тохиолдолд 200-300 мянган рублиэр торгож, эсвэл 2 жил хорьж, 3 жилээр эрхийг нь хасна.
Түүнчлэн согтуугаар машин жолоодож яваад осол гаргаж нэг хүний аминд хүрсэн жолоочид ногдуулах шийтгэлийг чангатгаж 2 хүртэл жилээр хорихоор болжээ.