Хэрэв хиймэл дагуулууд гэнэтхэн алга болвол ...
Хиймэл дагуулуудыг бид анзаардаггүй ч тэд бидний толгой дээр хэдэн зуу, мянган километрын цаана эргэлдэж байгаа. Заримдаа шөнийн тэнгэрт зорчих гэрэлт цэг байдлаар харагддаг. Харин эдгээр гэрэлт цэгүүд бидний амьдралд өдөр тутам оролцдог. Өглөө болгон бид ойролцоогоор 40 орчим хиймэл дагуулын үйлчилгээг авдаг. Сэтгүүлчдийн хувьд хиймэл дагуулгүй амьдрал нэг иймэрхүү байх болов уу?
Өглөөний 7 цагт сэрүүлэг дуугарав. Босоод өглөөний мэдээ үзэх санаатай зурагтаа асаана. Редакци руу очихоос өмнө урьд шөнө ямар үйл явдлууд болсныг мэдэхэд илүүдэхгүй. Гэвч зурагтын дэлгэцэн дээр юу ч гарч ирсэнгүй. Үзэх дуртай нэвтрүүлэг маань ч алга. Сувгаа солиод үзсэн ч нэг ч суваг алга. Facebook рүү орох гэсэн боловч хуудас нээгдэх гэж хэдэн минут болов. Интернет бараг ажиллахаа больжээ. Утсаар ярих гэсэн боловч яриа тасалдаад болсонгүй. Сайтууд, цахим шуудангууд яст мэлхий шиг ачааллаж байна. Тэр байтугай мөнгөний машинууд хүртэл ажиллахаа больжээ. Супермаркетад төлбөр хийх гэтэл бас л бүтсэнгүй.
Юу болов? Учир нь хиймэл дагуул дэлхий дээрх мэдээллүүдийг нэг цэгээс нөгөө цэгт түргэн хүргэх гүүр болдог. Хэрэв хиймэл дагуулууд гэнэтхэн алга болвол маш том асуудал үүснэ. Кабелийн сүлжээнүүд нэвтрүүлгүүдээ төв станцидаа дамжуулж чадахаа болино. Сая сая интернет холболтууд саатаж хурд нь газрын сүлжээнд шилжсэнээр эрс удааширна. Мэдээж шинэ шилэн кабелиуд тавьж болох ч үүнд цаг орно. Гар утаснууд дуугарахаа болино. Яагаад гэвэл үүрэн телефоны үндсэн станциуд GPS-ийн хиймэл дагуулуудыг ашигладаг.
Хувилбар 1
Хэрэв хиймэл дагуулууд гэнэтхэн алга болвол юу болох тухай эхний хувилбарыг 90-иэд оны эхэнд НАСА-гийн шинжээч Дональд Кесслер (Donald Kessler) боловсруулжээ. Сансарт хоёр хиймэл дагуул мөргөлдсөнөөр бүх зүйл эхэлнэ. Мөргөлдсөн хиймэл дагуулуудын мянга мянган хэлтэрхий дараагийн хиймэл дагуулуудыг сүйтгэнэ. Гинжин урвалаар нэг нэгнээ сөнөөсөн хиймэл дагуулуудын хэлтэрхий дэлхийн орчмын орон зайг хогийн цэг болгож хувиргана. Холливудаас саяхан гаргасан “Татах хүч” киноны үйл явдал яг ингэж эхэлдэг.
Энэ хувилбар нь хоосон зөгнөл биш. Хиймэл дагуул сансрын хогонд өртөж байсан тохиолдол цөөнгүй. Анх 2009 онд Сибирийн дээр 790 метрийн өндөрт Америкийн “Иридиум”, Оросын «Космос-2251» мөргөлджээ.
Сансрын хог хүн төрөлхтөнд бодит аюул авчрах магадлал өндөр
Сансарт замын хөдөлгөөний дүрэм шиг дүрэм байхгүй. Мөн нисэх онгоцных шиг нислэгийн хяналт гэж байхгүй. Хиймэл дагуул болгоныг хүссэн зүгтээ хөөргөдөг. Гэвч хиймэл дагуултай орны тоо улам өсч байна.
Сансрын тойрог жил ирэх тутам нягтаршиж байна. Хэдэн жилийн өмнө Америкийн цэргийн хиймэл дагуул DSP-23 хяналтаас гарч огторгуйд тэнэж эхэлсэн. Америкчууд ойролцоох хиймэл дагуулуудын оператортай холбогдож сэрэмжлүүлж байлаа.
Түүнээс гадна сансрын хогийг хэн ч цэвэрлэдэггүй. Яаж цэвэрлэх нь ч ойлгомжгүй. Хиймэл дагуулыг удирдах боломжтой цагт нь хэрэггүй аппаратуудыг илгээдэг оршуулгын тойрог руу оруулж, эсвэл Оросын “Мир” станци шиг далайд живүүлэх юмуу шатаахын тулд агаар мандалд оруулж болно. Гэвч хиймэл дагуул Газарт захирагдахаа больж сансрын хог болох нь олонтаа.
Сансарт хамгийн их хогийг ОХУ хаяжээ
Хүмүүс чиг баримжаагаа алдана
Дэлхий дээр олон зүйл GPS- ээс хамааралтай. Хиймэл дагуул хөлөг онгоцнууд, замгүй газраар аялж буй жуулчдад, далайчдад замыг нь зааж өгдөг. GPS-гүй бол дэлхийн сая сая оршин суугчид өөрийн хотдоо төөрөхөд хүрнэ. Түүнээс гадна аврагчид ослын газрыг олж очих боломжгүй болно.
Эдүгээ газраас 20 000 км-т GPS-ийн хиймэл дагуулын 31 станци ажилладаг бөгөөд тэдний илгээсэн дохиог тохирох төхөөрөмжтэй хүн болгон хүлээж авах боломжтой. GPS-ийн төхөөрөмж болгон ойролцоох дөрвөн хиймэл дагуулын дохиог харьцуулаад газар зүйн байрлал, далайн түвшнээс дээших хэмжээг сантиметрийн зөрүүгүй тодорхойлдог.
Хиймэл дагуул нь их гүрнүүдийн хоорондох зэвсэглэлээр үл хөөцөлдөх гэрээний биелэлтийг хангахад тусалдаг. Хэрэв хиймэл дагуулууд алга болвол олон арван жилийн туршид бий болсон хүчний тэнцвэр алдагдаж дэлхий тогтворгүй болно. Тиймээс дэлхийн дайн гарсан тохиолдолд хиймэл дагуулууд хамгийн түрүүнд дайралтад өртөнө.
Хувилбар 2
АНУ, ОХУ зэрэг том гүрнүүд дайсны хиймэл дагуулыг сөнөөх зорилготой сансрын зэвсэг бүтээдэг гэдгийг дэлхий дахин мэднэ. 2007, 2010 онуудад Хятад хоёр туршилт явуулж баллистик пуужингийн тусламжтай хуучин хиймэл дагуулуудаа устгасан нь шүүмжлүүлсэн. Учир нь эвдэлсэн хиймэл дагуулын хэлтэрхий сансрын хогийг улам ихэсгэж аюулын түвшинг өсгөснөөс гадна хувилбар 1-ийн магадлалыг ихэсгэв.
Дэлхий ертөнц зохицуулалтгүй болно
GPS-ийн хиймэл дагуулууд байрлалыг заахаас гадна хүн төрөлхтөнд цаг хэд болж байгааг нарийн хэлж өгдөг. Тэдгээрт байдаг атомын цагийн заалтыг интернет, үүрэн холбооны үндсэн станциуд, хотын хөдөлгөөн, эрчим хүчний шугамыг удирддаг системүүд авч ашигладаг. GPS-ийн хиймэл дагуулууд ажиллахаа болиод нэг өдөр болсны дараа тив хоорондын холбоо доголдож эхэлнэ. 20 дугаар зууны эхэн үе шиг радио холбоог ашиглахаас аргагүй болно. Энэ хооронд маш том асуудлууд үүснэ. Миллисекундын нарийвчлалтай ажилладаг эрчим хүч дамжуулах сүлжээ, банкны болон биржийн сүлжээ доголдоно.
2007 онд Сан-Диего хотод Америкийн цэргийнхэн санаандгүй хоёр цагийн турш GPS-ийн дохиог хаахад утас сүлжээгүй болж, мөнгөний машинууд мөнгө өгөхөөс татгалза, боомтод хөлөг онгоц удирдах систем ажиллагаагүй болж, онгоцны буудлын диспетчерүүд ойртон ирж буй онгоцыг олж харахаа больжээ.
Хүн төрөлхтөн ядуурна
Хиймэл дагуул нь эдийн засагт баялаг авчрах нэг том хүчин зүйл болдог. Яагаад гэвэл тэнгэрээс олон зүйлийг тандан мэдэж болно. Сансрын илгээсэн мэдээллийн дагуу Америкийн фермерүүд талбайнхаа хөрсийг судалж, ургацын хэмжээг урьдчилан тодорхойлж, ган, хортон шавьжны хохирлыг тооцох зэргээр нарийвчилсан зургийг гаргадаг.
Мөн хиймэл дагуул нь байгаль орчинг судлах, гамшигтай тэмцэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Хиймэл дагуулаар дамжуулан ойн түймэр, Азийн муссон, циклон, хар салхины чиглэлийг ажигладаг. Америкийн Агаар мандал, далай судлалын үндэсний газрын (NOAA) мэдээлснээр хиймэл дагуулын илгээсэн хар салхины сэрэмжлүүлгийн ачаар жилд 3 тэрбум доллар хэмнэдэг аж.
Хувилбар 3
Энэ хувилбар биднээс үл хамааран, байгалийн хүсэл зоригоор бий болно. Ямар ч үед нарны хүчтэй шуурга хиймэл дагуулуудад үхлийн цацраг илгээх магадлалтай. Хэзээ тохиолдох нь тодорхойгүй ч бид юугаар ч хамгаалж чадахгүй нь тодорхой.