Ерөнхийлөгчдийн жиргээ
2015.07.17

Ерөнхийлөгчдийн жиргээ

Санаандгүй хэрнээ гэнэтийн байдлаар Twitter дэлхийн цахим дипломатад мэдээллийн нэгэн гол суваг болж хувирав. Засгийн газрууд албан ёсныхоо мэдээллийг 140 тэмдэгт юмуу, эсвэл 6 секундын дүрс бичлэгээр дамжуулан хүргэх нь ердийн үзэгдэл болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бусад ерөнхийлөгчдөөс түрүүлж анх 2007 онд твиттерийг ашиглаж эхэлсэн.  Төрийн тэргүүнүүд твиттерт дурласан оргил үе бол 2009-2012 он юм. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Чехийн ерөнхий сайд жиргээч ерөнхийлөгчид, ерөнхий сайдуудын эгнээнд орсон. Одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орны 85 хувь нь твиттерт бүртгүүлжээ. Төрийн тэргүүнүүдээс гуравны хоёр нь жиргээч. Төрийн дээд албан тушаалтнууд твиттерийг хувийн үзэл бодлыг түгээх суваг болгоод зогсохгүй, суртал ухуулга, цаашилбал зөөлөн хүчний хэрэгсэл болгон ашигладаг.  Жишээ нь 2015 оны гуравдугаар сард Лозаннад Иран болон зуучлагч зургаан орны хооронд хүнд хэлэлцээр явагдаж байхад хэлэлцээрийн оролцогчид хэлэлцүүлгийн явцыг тэр дор нь жиргэж байв.  Америкийн Дээд хэмжээний уулзалт дээр АНУ, Кубын ерөнхийлөгчид гар барьсан түүхэн үйл явцыг дэлхий дахин твиттерээс мэдсэн.  Хилари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухайгаа мөн л твиттерээр мэдэгдсэн.

Сүүлийн үеийн тоо баримтаар 173 ерөнхийлөгч, ерөнхий сайдууд хувийн аккаунттай болжээ.

Төрийн тэргүүнүүдээр зогсохгүй зарим орны, ялангуяа Европын орнуудын Гадаад хэргийн яамдууд твиттерийг мэдээллийн суваг болгон ашиглах болжээ.  Дэлхийн улс орнуудын Элчин сайдууд, дипломат төлөөлөгчид ч энэ хандлагаас хоцорсонгүй.  Жиргээчдийн дунд хамгийн түгээмэл хэлүүд бол испани, англи, орос, франц, араб.

Сүүлийн үеийн тоо баримтаар 173 ерөнхийлөгч, ерөнхий сайдууд хувийн аккаунттай болжээ. Хамгийн их дагагчтай ерөнхийлөгч нь Барак Обама. 60 сая дагагчтай. Дараа нь 20 сая дагагчтай Ромын Пап, 11 сая дагагчтай Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (Narendra Modi), 6  сая дагагчтай Туркийн ерөнхийлөгч Реджеп Эрдоган (Recep Tayyip Erdoğan) орно. Гэхдээ Британий  Times сонинд бичсэнээр дэлхийн олон нийтийн сүлжээний жинхэнэ од нь Энэтхэгийн ерөнхий сайд гэнэ. Тэрээр Facebook-тээ Барак Обамагаас хоёр дахин илүү комменттай. 

Гадаад хэргийн яамдуудаас хамгийн их дагагчтай нь Турк, Франц, Оросын гадаад хэргийн яамдууд.

Харин хамгийн жиргэх дуртай ерөнхийлөгчөөр 68 000 жиргээтэй Мексикийн ерөнхийлөгч тодорч 64 000 жиргээтэй Венесуэл, 58 000 жиргээтэй Доминиканы БНУ-ын ерөнхийлөгчид удаалав.

Барак Обамагийн твиттер хуудас

Шинжээчдийн үзэж буйгаар зарим улсын хувьд дагагч олонтой байх нь үндэсний бахархал, заримынх нь хувьд сурталчилгаа болдог аж. Үүнээс болж дагагчдын тоог зохиомлоор өсгөх тохиолдол бий. Жишээ нь 2015 оны гуравдугаар сард Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкогийн дагагчид гэнэт өссөнд мэргэжилтнүүд тодорхой хариу өгч чадаагүй.

Гэхдээ зохиомлоор өсгөх боломжгүй нэг үзүүлэлт байдаг нь тухайн жиргээнээс иш татсан тоо. Жишээ нь ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведевийн жиргээнүүд иш татагдсан тоогоороо Барак Обама болон Цагаанд Ордны жиргээнүүдийн дараа орж байна. 

Жиргээчийн чансааг тодорхойлдог гол үзүүлэлт нь дахин жиргээ буюу ретвит юм. Энэ үүднээс олон дагагчтай ч үр дүн муутай жиргээчид бий. Барак Обамагийн жиргээг нэг удаа 1200 удаа дахин жиргэсэн ч энэ үзүүлэлтээрээ тэр Ромын пап, Саудын Араб, Венесуэлийн ерөнхийлөгчдийн дараа орж байна. 

Төрийн тэргүүнүүд, гадаад хэргийн яамдууд нэг нэгнээ дагасан үзүүлэлтийг аваад үзвэл Оросын ГХЯ 91 гадаад яамыг өөрийн найзаа болгож Францын дараа хоёрт оржээ.

Түүнээс гадна өөрсдөө жиргээгээ бичдэг ерөнхийлөгчид ховор гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Дам сонсоход Эстони, Норвеги, Бельги, Финляндын ерөнхийлөгчид яг өөрсдөө жиргэдэг аж. 8 ерөнхийлөгч тутмын нэг нь твиттерийг зөвхөн сонгуулийн үеэр ашигладаг.

Сүүлийн үед улс орнууд твиттерт аль нэг асуудлаар сэдэвчилсэн жиргээнүүд тавьж өөрийн байр суурийг илэрхийлдэг хандлага бий болсон. Нэг ёсондоо жиргээчдийн дунд мэдээллийн дайн болдог аж.

Түүнээс гадна гурван жилийн өмнөөс төрийн тэргүүнүүд өөрийн селфи зураг, 6 секундын дүрс бичлэгийг жиргэдэг моод дэлгэрчээ.

Шинжээчид твиттер нь дотоодод төдийгүй гадаадад олон нийтийн санаа бодолд нөлөөлөх чухал хэрэгсэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймдээ ч улс орнууд дэлхийн түгээмэл хэлүүдийг ашигладаг. Твиттерийн тусламжтай нийгмийн уур амьсгалыг тодорхойлоход улам хялбар болсон. Ингэснээр эрх баригчид хүмүүсийн санаа бодолд нийцсэн шийдвэр гаргана. Түүнээс гадна аль нэгэн төрийн тэргүүний жиргээ нь мэдээллийн анхдагч, найдвартай эх сурвалж болж чаддаг.