Дэлхийн ван гариг дээр агаар мандал байгаа нь илрэв
Дэлхийн ван
2015.07.18

Дэлхийн ван гариг дээр агаар мандал байгаа нь илрэв

Гариг хоорондын автомат сансрын станци New Horizons Дэлхийн ван гариг нь зузаан гэгчийн агаар мандалтай, бас плазман сүүлтэй болохыг илрүүлжээ. Харин соронзон орон илэрсэнгүй. Энэхүү гаригийн хийн бүрхүүлийн талаарх эхний ажиглалтуудыг НАСА-гийн сайт дээр мэдээлжээ.

Авсан мэдээллээс харахад Дэлхийн вангийн агаар мандлын зузаан нь 1,6 мянган км. Агаар мандлын дээд давхаргад молекулын азот, доод давхаргуудад метан болон нийлмэл нүүрс устөрөгчид голлох ажээ. Өмнө нь эрдэмтэд Дэлхийн вангийн агаар мандлыг илүү нимгэхэн гэж таамаглаж байв. 

New Horizons шинэ мэдээллээ Alice хэмээх төхөөрөмжийн тусламжтай, гаригт хамгийн ойр зайд очсоноос цагийн дараа дамжуулав.  Энэ үед сансрын станци Дэлхийн вангийн сүүдэртэй талд орсны зэрэгцээ гаригийн агаар мандалд ирэх нарны гэрлийн хэмжээнээс хамаарсан молекулын азот хэт ягаан туяаг шингээх үзэгдлийн өөрчлөлтийг ажиглажээ. 

Alice төхөөрөмжийн ажигласан Дэлхийн вангийн сүүдэртэй тал

Дэлхийн вангийн агаар мандалд ирэх нарны гэрлийн хэмжээнээс хамаарсан молекулын азот хэт ягаан туяаг шингээх үзэгдлийн өөрчлөлт

НАСА энэ үйл явцыг дүрс бичлэгийн аргаар харуулжээ. Дүрс бичлэгт үзүүлснээр нар Дэлхийн вангийн “зүрхнээс” өмнө зүгт (станци гаригаас 48,2 мянган км зайд байхад) жаргаж, Халимын бүсийн “сүүлнээс” хойд зүгт мандав (станци гаригаас 57 000 км-т холдох үед).

SWAP (Solar Wind around Pluto) төхөөрөмж станцийг гаригт хамгийн ойр очсоноос цаг хагасын дараа плазман сүүлийг анзаарчээ.  Уг сүүл нь нарны хэт ягаан туяагаар ионжсон молекулын азотоос бүрдсэн аж.

Дэлхийн вангийн ойролцоох орон зайд нарны салхи эдгээр ионуудтай мөргөлдсөнөөр хөдөлгөөн нь удааширдаг бөгөөд ингэснээр хүчтэй гэрлийн давалгаа (улаан өнгөөр тэмдэглэв), плазман сүүл (цэнхэр өнгөөр тэмдэглэв) үүсдэг гэсэн таамгийг дэвшүүлээд байна.

Дэлхийн вангийн агаар мандал болон плазман сүүл

New Horizons станцийн дамжуулсан мэдээллийн тусламжтай эрдэмтэд Дэлхийн ван гариг хэдий хэмжээний материйг огторгуйд алддаг талаар тооцоо гаргав. Энэхүү одой гариг цагт ойролцоогоор 500 тонноор “жин хасдаг” аж.  Харин Ангараг гариг цагт зөвхөн нэг тонныг алддаг.  Сүүлний урт, түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн хэв маягийг эрдэмтэд одоохондоо нэрлээгүй.

Дэлхийн вангийнх шиг сүүл Сугар, Ангараг гаригуудад бий. Одоогийн байдлаар НАСА-гийн эрдэмтэд New Horizons станцийн олсон мэдээллийн зөвхөн гуравхан хувийг л хүлээж аваад байна. 6 хоногийн дараа гэхэд 8 хувьд хүрнэ. Өмнө нь эрдэмтэд Дэлхийн вангийн агаар мандлын “хохирлын” талаарх урьдчилсан мэдээллийг PEPSSI (Pluto Energetic Particle Spectrometer Science Investigation) станцийн тусламжтай авч байв. Харин Alice болон Rex төхөөрөмжийн явуулах нарийвчилсан тооцоо энэ оны 8 дугаар сард Дэлхийд ирнэ.

7 дугаар сарын 14 нд New Horizons сансрын станци Дэлхийн ван гаригт 14 км/с хурдтайгаар 12 500 км зайд ойртсон. Энэ үед үндсэн судалгаануудыг хийсэн. Сансрын станци 2020 он гэхэд даалгавраа дуусгах ёстой. 

New Horizons сансрын станцийн үндсэн даалгавар нь Дэлхийн ван болон түүний дагуул Хароныг судлах. Түүнд суурилуулсан төхөөрөмжүүд гариг дээр байж болох соронзон орон, агаар мандлын найрлага, гадаргын бүтэц, түүнчлэн Харонтой ямар байдлаар харилцан үйлдэл хийдгийг судлах зориулалттай.