Хятадын Коммунист намын алтны хэмжээ
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ унасан нь хятадуудын хийсэн ажил гэж шинжээчид үзэж байна. Хятад улс ирэх намар ОУВС юанийг дэлхийн нөөцийн валютын жагсаалтад оруулах эсэх шийдвэрт нөлөөлөх зорилгоор алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Хятадын эрх баригчид алтны нөөцийнхөө хэмжээг зарласан ч үнэн мэдээлэл гэдэгт эргэлзэх нь их байна.
Хятадын Коммунист намын алт гэж нэрлэж болохоор Хятад улсын алтны нөөцийн тухай яриа алтны үнэ унаснаас хойш эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сард Нью-Йоркийн Comex бирж дээр нэг трой унц алт 1129,6 доллараар үнэлэгдэв. Алтны үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн ихээр хямдарсан нь энэ.
Мэргэжилтнүүд алтны үнэ унасаныг АНУ-ын Холбооны нөөцийн захирал Жанет Йеллений хүүгийн босгыг өсгөнө гэсэн мэдэгдэл, мөн Хятадын Засгийн газар асар их хэмжээний алт худалдаж авсантай холбон тайлбарлаж байна.
Хятад улс 1658 тонн буюу 53,3 сая унци алтны нөөцтэй.
Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн баасан гарагт Хятадын гол банк болох People’s Bank of China алтныхаа нөөцийн талаар мэдээлллийг олон нийтэд зарлав. Хятадууд хамгийн сүүлд тэртээ 6 жилийн өмнө алтныхаа хэмжээг хэлж байсан учраас эдүгээ хэр их алттай болсон нь хүн бүхний сонирхлыг татаж байв. Энэ оны зургадугаар сарын байдлаар Хятад улс 1658 тонн буюу 53,3 сая унци алтны нөөцтэй болжээ. Энэ нь 2009 оноос хойш 604 тонноор өссөн үзүүлэлт юм.
Хятадын алтны нөөц 3 000 тонноос илүү гэж бодож байсан мэргэжилтнүүд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Барууны шинжээчид, эдийн засагчид энэ тоо үнэн гэдэгт эргэлзэж байна. Чухам яах гэж худал статистик үзүүлэлт гаргасан нь ойлгомжгүй. Гэхдээ тоогоор тоглох нь юанийг нөөц валютын жагсаалтад оруулахыг хичээж буй Хятадын эрх баригчдад ашигтай. Шинжээчдийн үзэж буйгаар нэг талаас хятадууд юан нь их хэмжээний алтаар баталгаажсан гэдгийг харуулахыг хүсч, нөгөө талаас хэтэрхий их мэдээлэл дэлгэхээс болгоомжилж буй аж. Хятадын алтны нөөц нь төрийн нууцад хамаарах мэдээлэл бөгөөд онцгой нөхцөлд дэлгэдэг. Түүнээс гадна алтныхаа бодит хэмжээг нууж байгаа нь үнэд шууд нөлөөлж хятадууд хямд үнээр алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна.
10 дугаар сард юанийг ОУВС-ийн нөөцийн валютад багтаах талаар тэмцэл эхэлнэ. Ирэх найм, есдүгээр сард Хятадын Төв банк алтныхаа нөөцийг нэмэх зорилгоор сард 100 тонн орчим алт худалдаж авах төлөвтэй байна.
Юанийг нөөц валют болгох нь зөвхөн Хятадын нэр хүндийн асуудал биш. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хэрэв юань нөөц валют болчихвол 2020 он гэхэд гадны хөрөнгө оруулагчид 890-1000 тэрбум ам.доллар буюу 5,5-6,2 их наяд юаний өртөг бүхий Хятадын үнэт цаасыг худалдаж авах болно. Энэ нь өнөөгийнхөөс даруй 10 дахин их юм.
Түүнчлэн алтныхаа нөөцийг санаатай багасгаж мэдээлсэн нь Бээжингийнхэн Нью-Йорк, Лондонг алтны зах зээлээс “жийж” гол тоглогч болж үнийг тодорхойлдог болох гэсэн санаархалтай холбоотой байж болно.