Apple компаний үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад таалагдсангүй
2015.07.23

Apple компаний үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад таалагдсангүй

Хэдийгээр орлогын хэмжээ боломжийн байсан ч Apple компаний хувьцаа 7 хувиар унав. Компани цагийн дотор зах зээлийн өртгөөсөө 66 тэрбум доллар алдав. Шалтгаан нь хөрөнгө оруулагчид тус компаний өнгөрсөн 4-6 дугаар сарын амжилтад сэтгэл дундуур байсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Apple компаний орлого 49,6 тэрбум долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. Цэвэр ашиг нь 10,7 тэрбум доллар болов. Харин өнгөрсөн онд орлого 37,4 тэрбум, цэвэр ашиг 7,7 тэрбум байсан юм.

Тайлангаас харахад Apple компаний орлогын гол эх үүсвэр нь iPhone байсаар байна. iPhone-ий борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрс өсч нэг улирлын дотор 47,5 сая ширхэгийг зарснаар 31,4 тэрбумын орлого олжээ.

Ялангуяа Хятадад зарагдсан iPhone-ий тоо 2014 онтой харьцуулахад хоёр дахин өсчээ.

Мөн Мас компьютерын борлуулалт 4,8 сая ширхэгээр буюу 9 хувиар өссөн байна. Харин таблетуудын борлуулалт буурсан хэвээр. Apple компани 10,9 сая iPad зарсан нь жилийн өмнөхөөс 18 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хачирхалтай нь өнгөрсөн дөрөвдүгээр сард зах зээлд гаргасан ухаалаг цаг Apple Watch-ийн талаарх мэдээлэл алга байна. Компаний захирал Тим Кук шинэ цаг маш том боломжийг дагуулж байгаа учраас олон тэрбум долларын ашиг олно гэсэн санааг цухуйлгасан.

Гэвч Apple компаний ерөнхий байдал хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байна.

Ер нь өндөр технологийн компаниудын хувьцаа дэлхий даяар унаж байгаа. Microsoft-ийн хохирол 3,2 тэрбум доллар болжээ. Үүний шалтгаан нь Microsoft компани Nokia гар утасны бизнестэй зууралдсан явдал юм. Түүнчлэн Windows үйлдлийн системийн эрэлт муу байсан нь хувьцаа унахад нөлөөлжээ.