Хятадууд 130 сая хүн амтай аварга хот байгуулна
Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь удааширсан ч хятадууд Дэлхийд “хамгийн, хамгийн” байх хүслээсээ ухрахгүй байна.
Энэ нь нэг ёсны “Хятад өвчин” болж хувирав. Хамгийн энгийн жишээ. Хятад хамгийн олон хүн амтай учраас саятан хотуудын тоо ч үүнийгээ дагаад олон. Мөн хамгийн том хот байх ёстой гэж үздэг аж.
Өнөөдөр дэлхийн хамгийн том хот гэсэн статус Гуанжоу мужийн орчимд Өмнөд Хятадын тэнгист цутгадаг Чуцзян (Сувдан гол) голын адагт байх хотын нэгдэлд ногдож байдаг. Энэ нэгдэл нэг саяас дээш хүн амтай 9 хот болон бусад олон хотыг өөртөө нэгтгэжээ. “Сувдан голын хот” (СГХ) хэмээх нэр авсан энэ хотын хүн ам 42 сая болсноор Аргентин (41 сая), Канад (35 сая), Австрали (23 сая) зэрэг улсын хүн амаас илүү гарчээ. 42 сая хүн 7 000 км/кв талбайд амьдардаг нь Москвагийн газар нутгаас бараг 3 дахин их юм.
Сувдан голын адаг 1973, 2003 онд
Хятадын Засгийн газрын урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сувдан голын хотын хүн ам 80 саяд хүрэх аж. СГХ нь өнгөрсөн зууны дунд үед хөдөө аж ахуйн район болон үүсчээ. Харин 1990 оны эхнээс том компаниуд, олон мянган ажилчинтай үйлдвэрүүд нүүж ирснээр хотжилт явагдах болов. 2003 оноос СГХ асар том мега хот болон хувирчээ.
СХГ хэдий болтол дэлхийн хамгийн том хот байх нь тодорхойгүй. Учир нь Хятадын Засгийн газар Бээжин төвтэй өөр нэгэн мега хот байгуулах тухайгаа зарласан. Бээжингийн хүн ам одоогоор 20 сая орчим. Харин шинээр байгуулагдах Цзин-Цзинь-Цзи нэртэй мега хот нь 205 000 км/кв талбайд байрлах нь Белорусын газар нутагтай тэнцэж байна.Харин хүн ам нь 130 сая байх нь Японы хүн амаас 3 саяар их юм.
Хамгийн, хамгийн байх нь асар их зардал шаарддаг гэдгийг хятадууд аажмаар ойлгож байна. Олон арван сая хүнийг нүүлгэх нэг хэрэг, харин тэдэнд зориулсан дэд бүтцийг байгуулна гэдэг бүр өөр хэрэг. Харамсалтай нь дэд бүтэц өнөөг хүртэл Хятадын тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.
Эрх баригчид хурдан галт тэрэгний замууд барьж ложистикийн асуудлыг шийдэхээр зүтгэж байна. Одоо Бээжингээс Тэнжинь рүү галт тэргээр гурван цаг л явна. Гэхдээ хэдэн жилийн дараа нэгэн том хотын хэсгүүд болох Бээжин, Тэнжинь хоёрын хооронд 140 км замыг хагас цагт туулдаг болно.
Хятадууд хотоос гадна өөр зүйлээр хамгийн, хамгийн байхыг хүсдэг. Саяхан дэлхийн хамгийн том нарны цахилгаан станци барихаар болжээ. Станцийг Цинхай мужийн Голмуд хотоос холгүй Говийн цөлд 25,5 км/кв талбайд барих ажээ. Хүчин чадал нь 200 МВт. Энэ нь дэлхийн хамгийн том нарны цахилгаан станци төдийгүй Хятадын төрд харьяалагдахгүй анхны цахилгаан станци болно. Барилгын ажлыг Qinghai Solar-Thermal Power Group хэмээх эрчим хүчний компани барих ажээ. Уг станци цамхагийн хэлбэртэй байх бөгөөд төв хэсэгт нь нарны гэрлийг шингээх зориулалттай хар өнгийн дотроо устай 20-30 метрийн агуулах байрлах юм байна.
Цамхаг дахь насосын станци генераторт усны уур хүргэнэ. Цамхагаас холгүй хэдэн арван м/кв талбайг эзэлсэн нарны толинууд байрлана. Толинуудаас ойсон нарны гэрэл устай агуулахад туссанаар нартай өдөр ус нь 700 хэм хүртэл халах ажээ.
Харин ийм хүчин чадалтай нүүрсний цахилгаан станци жилд 4,26 сая тонн нүүрс хэрэглэж 900 мянга орчим тонн хорт утаа ялгаруулдаг.
Ийм станци барих болсон нь сүүлийн жилүүдэд Хятадыг дэлхийн агаар мандлыг бохирдуулж байгаад буруутгах болсонтой холбоотой. Хятадад үйлдвэрлэсэн нарны эрчим хүч сүүлийн 10 жилийн дотор 400 дахин буюу 28,05 ГВт болж өсчээ. 2020 он гэхэд энэ тоог 100 ГВт-д хүргэхээр төлөвлөжээ.