Америкт аймшигт хэрэг гарлаа
Алагдсан сэтгүүлч, зураглаач
2015.08.27

Америкт аймшигт хэрэг гарлаа

Лхагва гарагийн өглөөний нэвтрүүлгийн үеэр WDBJ7 телевизийн сэтгүүлч, зураглаач хоёр өмнө нь хамт ажиллаж байсан сурвалжлагчийн гарт амиа алдлаа. Сэтгүүлч 24 настай Элисон Паркер нь 2014 оноос WDBJ7 телевизийн Өглөөний Шоунд сэтгүүлчээр ажиллаж эхэлжээ.

Тэрээр өргөн хүрээтэй сэдвээр мэдээлэл бэлтгэж байсан бөгөөд сүүлийн үед хүүхдийн хүчирхийллийн талаарх цуврал сурвалжлага хүргэж байсан юм.

Паркер Жэймс Мэдисоны Их Сургуульд сэтгүүлчээр суралцаж байхдаа WDBJ7 телевизэд дадлагажигчаар оржээ. Тэрээр өглөөний шоуны продюссер Крис Харсттай гэрлэхээр төлөвлөж байсан гэнэ.

Халдлагын үеэр амиа алдсан нөгөө нэг хохирогч нь Адам Уорд юм. 27 настай зураглаач 2011 онд WDBJ7 телевизэд ажилд оржээ. Түүнийг шуурхай мэдээний багт яг тохирсон хүн байсан гэж телевизийн удирдлага эргэн дурсч байна. Адам Уорд телевизийн продюссер Мелисса Оттой сүй тавьсан бөгөөд хосууд ирэх долоо хоногт Хойд Каролина руу нүүх гэж байжээ.

Түүний сүйт бүсгүй студиэс халдлагыг шууд үзсэн гэнэ. Шууд нэвтрүүлгийн зочноор оролцож байсан эмэгтэй нуруундаа буудуулж, шархадсан гэж CNN агентлаг мэдээлж байна. Хохирогч Вики Гарднерийн биеийн байдал тогтворжсон гэж Карилион Франклин эмнэлгээс мэдэгджээ. 

Хэрэгтэн WDBJ телевизэд  ажилладаг байжээ

Халдлага үйлдсэн этгээд нь WDBJ телевизэд өмнө нь сурвалжлагчаар ажиллаж байсан Вестер Ли Фланаган гэгч байсныг албаны хүмүүс мэдээлсэн юм. Хамтран ажиллагсад нь түүнийг Брюс Уильямс гэж дууддаг байжээ. Цагдаа нарт бүслэгдсэн Уильямс өөрийгөө буудаж, амиа хөнөөсөн байна.

Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө 23 хуудас факсыг Нью-Йорк дахь ЭЙ БИ СИ агентлаг руу илгээжээ. Зургаадугаар сард Чарльстон хотын сүмд болсон халдлага түүний тэвчээрийг барсан гэж Уильямс бичээд, арьс өнгөөр ялгаврлан гадуурхах үзэл болон бэлгийн хүчирхийлэл түүнийг бухимдуулдаг байсан гэжээ. 

“Та нар арьс өнгөний дайн хүсч байна уу? Тэгвэл дайнаа эхлүүл, цагаан арьстнууд аа” гэж 41 настай хар арьст сэтгүүлч бичсэн байсныг ЭЙ БИ СИ уламжилж байна. Мөрдөгчид халдлага үйлдсэн шалтгааныг хайж байна.

Брюс Уильямс WDBJ телевизэд нэг жил ажилласны дараа халагджээ. Тэрээр ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй, маш их бухимдсан бөгөөд цагдаа нарын тусламжтай Уильямсыг телевизийн байрнаас гаргасан гэж тухайн үед мэдээний албаны даргаар ажиллаж байсан Дэн Деннисон ярьжээ.

WDBJ телевизийн өглөөний шууд нэвтрүүлгийг үзэж байсан үзэгчид камер газарт унаж, буутай эрэгтэй хүний дүрсийг харжээ. Мөн халдлага үйлдэгч этгээд өөрийн твиттер хуудсандаа сэтгүүлч, зураглаач нар руу буу шагайж байгаа хоёр бичлэг тавьсаныг удалгүй устгасан байна.