Өнгөрсөн тав хоногт болсон Дэлхийн онцлох үйл явдал
Хоёр Солонгос харилцан гал нээв
Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр Солонгосын харилцан гал нээсэн үйл явдал дэлхий нийтийг шуугиулав. Буудалцааныг БНАСАУ эхлүүлж, хариуд нь Өмнөд Солонгос их буугаар буудсан гэж "Ренхап" агентлаг тухайн үед мэдээллэсэн. Үүний дараа өмнөдүүд даруй арга хэмжээ авч хилийн тосгоны хүмүүсийг Сөүл рүү нүүлгэж, Хойд Солонгосын зүг хэдэн арван пуужингаар хариу барьжээ.
Талууд тэр даруйдаа цэргийн хүчээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан гэх мэдээлэл байгаа бөгөөд Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэр үед яаралтай хуралдаан хийжээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг тэсрэх бөмбөгөнд өртөн шархатсан хэрэг явдалд Пхеньян уучлал гуйх хэрэгтэй гэж Сөүлийн ерөнхийлөгч Пак Кын Хе үзэж байлаа. Гурван өдөр үргэлжилсэн хоёр талуудын албаныхны уулзалт хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд Пхеньян уучлал гуйх нь чухал гэж Пак Кын Хе тухайн үед мэдэгджээ.
Тэрээр “Үүссэн нөхцөл байдал, өдөөн хатгалгыг лавшруулахгүйн тулд бидэнд чин сэтгэлийн уучлалт хэрэгтэй. Эс бөгөөс манай засгийн газар цаашид авбал зохих алхамуудыг хийж, чанга яригчуудыг ажлуулсаар байх болно” хэмээгээд байсан. Харин хэлэлцээр амжилттай явагдаж хоёр Солонгосын төлөөлөгчид олон өдөр хэлэлцсэний үр дүнд хойгт үүссэн хурцадмал нөхцөл байдлыг намжаах зөвшилцөлд хүрснийг өчигдөр мэдээллээ.
Өмнөд Солонгосын хоёр цэрэг энэ наймдугаар сарын эхээр газрын тэсрэх бөмбөгт өртөн шархатсан хэрэгт Пхеньяний тал уучлал хүсч, харамсаж буйгаа илэрхийлсэн нь талууд зөвшилцөлд хүрэхэд том түлхэц болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч талууд тохиролцсон учраас хил орчим тайван байгаа бололтой.
Хятад дахин химийн бодис дэлбэрлээ
Хэдхэн хоногийн өмнө дэлбэрсэн Тяньжин хотын үйл явдал намжаагүй байтал Зүүн Хятадын химийн үйлдвэрт өнгөрөгч бямба гаригийн орой хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойр орчимд нь гал түймэр гарчээ. Энэ тухай People's Daily China мэдээллийн агентлаг мэдээлсэн хэдий ч ослын хохирлын талаархи мэдээлэл одоог болтол гараагүй байна. Уг үйлдвэр нь Шаньдун мужийн Цыбо хот тойргийн Хуаньтай аймагт байрладаг.
Тухайн үеийн яаралтай арга хэмжээгээр орон нутгийн захиргаа нь хүмүүсийг нүүлгэж эхэлсэн бөгөөд болсон хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллажээ. Цыбогийн орчмын энэ хэрэг Тяньжин хотын дэлбэрэлтээс яг арав хоногийн дараа боллоо. Наймдугаар сарын 12-нд химийн бодистой контейнер боомт хотод хүчтэй дэлбэрэлт болж, ихээхэн хохирол учруулсан.
Энэхүү ослын үеэр амь үрэгдэгсдийн тоо наймдугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр, 121-д хүрээд байна. Нийтдээ 700 гаруй хүн шархадсанаас олон хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 6000 орчим хүн өөрсдийн гэр орныг орхихоос өөр аргагүй болсон гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байгаа.Шаньдун мужийн Цыбо хот тойргийн Хуаньтай аймагт уг үйлдвэр байрладаг аж.
Якуниныг Белозеровоор солив
Мэдээж долоо хоногийн сонирхол татах мэдээлэл яах аргагүй мөн. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гаригт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якуниныг ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зурж түүний оронд Олег Белозеровыг томилсон. Олег Белозеров уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ОХУ-ын Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайд Дмитрий Медведев Олег Белозеровыг хүлээн авч уулзахдаа “Таныг “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр томилсондоо таатай байна. Мөн таныг ОХУ-ын тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдын албанаас чөлөөлж байна. Та ажилдаа шууд орох болно. Маргааш гэхэд бүх ажлаа хүлээж аваарай” гэжээ.
Тэгвэл “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозеров гэж хэн бэ. Тэрээр 45 настай. Санкт-Петербург хотын Санхүү, эдийн засгийн их сургуулийг 1992 онд төгссөн. 1998-2000 онд “Ленэнерго” компанийн орлогч захирал, 2000-2002 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотын “Ломо” компанийн орлогч захирал, 2004 оноос “Оросын түлш” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв.
2004 онд ОХУ-ын Холбооны замын агентлагын даргын орлогчоор томилогдож, арваннэгдүгээр сараас даргаар нь дэвшжээ. Харин 2009 онд Тээврийн яамны орлогч сайдаар томилогдож, 2015 оноос нэгдүгээр орлогч сайдаар ажиллах болжээ.
Харин 67 настай В.Якунин “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг 10 жил удирдсан нэгэн. 2005 оны долдугаар сарын 14-нд “Оросын төмөр зам”-ын даргаар сонгогдохоосоо өмнө тус нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Тээврийн яамны дэд сайдын албыг хашиж байв. Владимир Якунин Калининград мужаас Холбооны зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлэхээр болж дараагийн сонгуульт ажлаа эхлүүлээд байгаа аж.
Баатрууд энгийн байдаг
Өнгөрсөн Баасан гарагт Америкийн цэргийн албан хаагчид Парисын хурдан галт тэргэнд гарч болзошгүй байсан террорист халдлагыг зогсожээ. АНУ-ын Агаарын хүчний албан хаагч Спенсер Стоун, Орегоны Үндэсний Гвардийн албан хаагч Алек Скарлатос нар Парис орох хурдан галт тэргэнд зорчиж байх үед Амстердамаас АК 47, гар буу, есөн магазин сум, цаас зүсэгч хутгаар зэвсэглэсэн 26 настай Морокко үндэстэн залуу суужээ. Зэвсэг авч яваа хүн галт тэргэнд орж ирэхийг мэдсэн Скарлатос Спенсер руу хандан хөдлөх хэрэгтэйг хэлсэн байна.
Ингээд хоёр залуу зэвсэгт этгээд рүү довтлоход мөн тэнд явсан Америк оюутан Антони Садлер тусалжээ. Гурван залуу зэвсэгт этгээдийг элбэн аюулгүй болгох үед Спенсер хутганд хэд хэд зүсэгдсэн гэнэ. Өөр хэдэн хүн шархдсан ч зэвсэгт этгээд буугаа гаргаж чадаагүй аж.
Гурван залуу зэвсэгт этгээдийг элбэн аюулгүй болгох үед Спенсер хутганд хэд хэд зүсэгдсэн гэнэ. Өөр хэдэн хүн шархдсан ч зэвсэгт этгээд буугаа гаргаж чадаагүй аж.
АНУ-ын ерөнхийлөгч Обама энэ хэргийн тухай сонсоод болзошгүй халдлагыг зогсоосон Америкийн иргэдэд талархал илэрхийлжээ. Зэвсэглэсэн этгээдийг орон нутгийн цагдаагийнхан баривчлаад Бямба гарагт терроризмын эсрэг тэмцэх төвд хүргүүлсэн байна.Спенсер эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш нь гарчээ.
Баривчлагдсан этгээд нь өмнөд Испаний Алгесирас хотод амьдардаг, терроризмын хэргээр шалгагдаж байгаа нэгэн Исламын сүмийн гишүүн юм байна. Тэр 2014 онд Сирид очсоныхоо дараа Францад шилжин суурьшаад байжээ.