2022 оны өвлийн олимп Бээжинд болно
Олон улсын Олимпийн хороонд нууцаар санал хураасны дүнд Хятадын нийслэл Казахстаны Алма Атаг дөрвөн саналаар ялж 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авчээ. 2008 онд Бээжинд зуны олимп болсон. Ингэснээр Бээжин өвөл, зуны олимпийг зохион байгуулсан анхны хот болж байна.
Олон улсын Олимпийн хорооны 128 дугаар Их хурал Малайзын Куала-Лумпурт болж нууц санал хурааснаар хорооны 44 гишүүн Бээжинд, 40 гишүүн Алма-Атад санал өгч, нэг гишүүн санал өгөхөөс татгалзжээ. Ингэснээр Бээжин хот 14 жилийн дотор хоёр олимпийн наадмыг зохион байгуулахаар болсноос гадна Ази тивд гурван олимпи дараалан явагдахаар боллоо. 2018 онд Өмнөд Солонгосын Пхенчхан, 2020 онд Японы Токиод олимп болно.
Мэргэжилтнүүд Алма-Ата ялагдсан нь 2014 оны олимп Казахстантай хөрш зэргэлдээ Оросын Краснадорын хязгаарт болсноос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Дэлхийн олон улсын ард түмний ой санаанд Казахстан гэхээр ЗХУ гэсэн үг орж ирдэг. Тэгээд ч Казахстаныг Хятадтай харьцуулахад спортын нэр хүнд доогуур.
Түүнээс гадна санхүүгийн чадамж нөлөөлсөн. Казахстаны эрх баригчид 1,7 тэрбум долларыг олимпод зарцуулна гэсэн бол хятадууд 3,9 тэрбум долларыг гаргахад бэлэн гэжээ. Мөн Хятад улс 2008 оны олимпоос үлдсэн спортын баялаг дэд бүтэцтэй.
ОУОХ-ны гишүүд санал өгөхдөө Казахстаны уур амьсгал олимп явуулахад тохиромжтой гэдгийг ойшоож авч үзсэнгүй. Гэтэл Бээжингийн оршин суугчид цасыг хааяа ууланд хардаг. Ингэснээр өвлийн олимпууд улам л экватор луу ойртсоор байна. Түүнчлэн Бээжин нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотуудын нэг гэдгийг ОУОХ авч хэлэлцсэнгүй.