Америк Хятадын эсрэг эдийн засгийн хориг тавина
АНУ кибер халдлагуудын хариу болгож Хятадын зарим байгууллага, хувь хүмүүсийн эсрэг хориг тавихаар зэхэж байна.
2015.09.01

Америк Хятадын эсрэг эдийн засгийн хориг тавина

Обамагийн Тамгын газар Хятадын зарим компани, албан тушаалтнуудын эсрэг эдийн засгийн хориг тавих тухай яригдаж эхэллээ. Америкчууд Хятадын Засгийн газрыг хакерын халдлага зохион байгуулж АНУ-ын үнэт цаасны арилжааны нууцуудыг хулгайлдаг хэмээн буруушааж байна. Washington Post сонинд бичсэнээр хориг тавих тухай эцсийн шийдвэр гараагүй ч ойрын хугацаанд, магадгүй ирэх хоёр долоо хоногийн дотор шийдэх магадлалтай аж.

Тус сонины ерөнхийлөгчийн Тамгын газрын хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр Хятадын хакерууд атомын цахилгаан станцийн зураг төслөөс эхлээд эрчим хүчний компаний нууц мэдээллийг хулгайлдагт олон нийт хийгээд төрийн байгууллагууд дургүйцэх болсноос үүдэж хориг тавихаар болсон гэж бичжээ.

Хятадын дарга Си Зиньпин энэ сард АНУ-д анх удаа төрийн айлчлал хийнэ. Түүнийг Цагаан ордны өмнө 21 их буугаар салют буудуулан угтаж, оройн зоог барина. Хоёр орны хооронд хэд хэдэн асуудал дээр зөрчил үүсээд байгаа. Тухайлбал Өмнөд Хятадын тэнгис дэх мөргөлдөөн, юанийг чөлөөлсөн алхам, түүнчлэн хятадын хөрөнгийн зах зээл унасан явдал. Гэхдээ АНУ, Хятад хоёр худалдааны өргөн харилцаатай учраас Америкийн төрийн эрх барих байгууллагууд илэрхий шахалт үзүүлэхээс зайлсхийж байна.

Цагаан ордныхон хориг тавих талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзав. Гэхдээ Обамагийн Тамгын газрын өндөр албан тушаал бүхий төлөөлөгч: “Ерөнхийлөгч Обама кибер халдлагын эсрэг авах арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зурахдаа хэлсний дагуу АНУ-ын Ерөнхийлөгч энэ мэтийн хортой үйлдлийг бүх талаар таслан зогсоох стратеги хэрэгжүүлэх ёстой. Уг стратегт дипломат үйл ажиллагаа, худалдааны бодлогын хэрэгслүүд, эрх зүйн механизмууд, кибер халдлагыг дэмжигч хуулийн этгээд болон хувь хүмүүсийн эсрэг авах хориг арга хэмжээ зэргийг багтаана” гэж хэлжээ.

Олон улсын харилцаанд нөхөрлөл гэдэг ойлголт тун бүрхэг байдаг гэж судлаачид үздэг. Энэ тохиолдолд “найзалж буй” хоёрын сонирхол давхцаж байгаа цагт хэн нэгний эсрэг, эсвэл аль хүчтэй гэсэнтэй нь нөхөрлөдөг. 50-60 аад онд Зөвлөлт, Хятад хоёр муудсанаас хойш АНУ Хятадын эдийн засгийг өөрийн эдийн засгийн чиглэл рүү татан оруулах болсон. Ингэснээр Хятадууд улс төр, эдийн засгийн өндөр хөгжилтэй АНУ-ын хувьд үйлдвэрлэлээ өргөжүүлэх талбар, Зөвлөлтийн эсрэг ашиглах найз нь болсон. Харин ийм найзуудын хүч тэнцсэн, эсвэл дайсан алга болсон цагт нөхөрлөхөө больдог. Өнөөгийн Хятад, АНУ-ын харилцаанд чухам ийм дүр зураг ажиглагдаж байна.

Ихэнх судлаачид Хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт орж, зарим талаар АНУ-ыг гүйцэж түрүүлсэн гэж үзэж байна. ЗХУ гэж байхаа больж Хятадын зах зээл АНУ-д шууд нөлөөлөх болов. 1,5 тэрбум шахуу хүнтэй Хятад улс дэлхийг өөрийн сонирхлын талбар болгон хардаг. Хятадууд хүчтэй болж Ази-Номхон далайн бүсэд том тоглогч болсон нь америкчуудыг түгшээх болов. Ядаж байхад энэ бүсэд АНУ-ын нөлөө суларснаас гадна Хятадад 1,3 их наяд долларын өр тавьснаар санхүүгийн зах зээлээс нь хамааралтай болж орхив.

АНУ-ын гадаад бодлогын идэвхгүй байдал нь Япон, Өмнөд Солонгос, Малайз, Австрали зэрэг Ази, Номхон далайн холбоотнуудынхаа өмнө нэр хүндээ алдах аюулд хүргэнэ гэж ажиглагчид үзэж байна.

Америкчуудад Хятадын хандыг дарах шалтаг хэрэгтэй. Тиймдээ ч кибер халдлагын хариу болгож хориг тавих шийдвэр гарсан нь цагаа олсон алхам гэж судлаачид харж байгаа. Хориг тавилаа гээд хоёр орны харилцаа эрс муудахгүй, гэхдээ энэ нь АНУ-ын байр суурийг тодотгоно.  Тэгээд ч доллар чангарч буй энэ нөхцөлд кибер халдлагын ачаар ашиг олдог Хятадын компаниудад шахалт үзүүлж, Оросын эдийн засагт үзүүлсэнтэй адил нөлөөг мэдрүүлэх нэг боломж болно.