Японы хэвлэл: Пан Ги Мун Бээжингийн парадад оролцох ёсгүй
Дэлхийн хоёрдугаар дайны гол хэргийн эздийн нэг Японыг ялсны баярын жагсаал Бээжинд болж байна. Уг жагсаалтай холбоотой Японы "Sankei Shimbun" сонинд бичсэн материалыг хүргэж байна.
"Дэлхийн хамтын нийгэмлэг нэгдсэн хүчээр Хятад улс зэвсгийн хүчээр улс орнуудын тусгаар байдлыг өөрчлөх гэж буйг эсэргүүцэх ёстой. Гэтэл НҮБ ямар нэгэн шийдэмгий алхам хийж чадахгүйгээр барахгүй эсрэгээрээ дэмжсэн маягтай байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Японыг ялсан баярын арга хэмжээнд оролцож байна. Цэргийн парадыг ч үзэж байна.
Японы Засгийн газар НҮБ төвийг сахиж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй бөгөөд НҮБ дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг албан ёсоор шүүмжлэх ёстой.
АНУ, Япон, Европын орнуудын төрийн тэргүүнүүд дээрх арга хэмжээнд оролцохоос татгалзсан. Үүгээрээ тэд Хятад улс зэвсэглэлээр хөөцөлдөж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Гэхдээ Путин тэргүүтэй хэд хэдэн төрийн тэргүүнүүд парадад оролцож байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хэ АНУ болон тус улсын зарим консерватив төлөөллүүд эсэргүүцсэн ч Бээжингийн парадад оролцохоор шийдсэн.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал барьж цэргийн бааз болгохоор зэхэж байна. Арлын талбай аль хэдийнэ 11,7 кв километр болжээ. Олон улсын дүрмийг зөрчсөн Хятадын энэхүү авир дэлхий дахин болон бүс нутагт аюул авчирна. Хятадыг Японоос гадна АНУ, Филиппин, Вьетнам зэрэг улсууд эсэргүүцэж байгаа.
Пан Ги Мун Бээжингийн парадад оролцож байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гайхлыг төрүүлэв.
НҮБ-ын үүрэг бол энэ аюулыг арилгахын тулд Хятадад нөлөөлөх. Гэвч Хятад аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны нэг учраас юу ч хийж чадахгүй байна. Ийм нөхцөлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бүх мэдлэг, чадвар харагдана.
Харин Пан Ги Мун Бээжингийн парадад оролцож байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гайхлыг төрүүлэв. 12 000 цэрэг, олон тооны онгоц, танк оролцох уг парадаар хятадууд өөрсдийн цэрэг, дайны хүчийг харуулна. Парадад Крымийг дур зоргоороо нэгтгэсэн Путин оролцож байгаа.
Пан Ги Мун тавдугаар сард Москвагийн парадад оролцсон. Дэлхийн хамтын нийгэмлэг Орос, Хятад хоёрыг хүч хэрэглэн улс орны тусгаар байдалд халдсаныг шүүмжилдэг.
Шинжээчид Пан Ги Муныг Хятадын нөлөөнд автсан гэж үзэж байна. Өнгөрсөн намар тэрээр Хонконгод болсон жагсаалын талаар хатуу байр суурь эзлэхээс зайлсхийж “дотоод улс төрийн асуудал” гэж хэлээд өнгөрсөн.
Энэ мэтээр НҮБ-д итгэх итгэл алдарсаар байна."