Бид тэдний хувьд өөх ч биш, булчирхай ч биш
Ялалтын парадын үеэр
2015.09.03

Бид тэдний хувьд өөх ч биш, булчирхай ч биш

Өчигдөр 1945 оны чөлөөлөх дайнд БНХАУ ялсны 70 жилийн ойн баярын парад ази тивийн зүрхэнд шар ус хуртал сүр дуулиантай боллоо.

Зарим сошиол хэрэглэгчдийн хувьд “ОХУ-ын парадыг үзээд бахархсан бол Хятадынхыг үзээд айлаа” гэсэн зурвасуудыг нисгэж байлаа.Магадгүй ямар ч монгол хүн үзсэн Хятадаас айх мэдрэмж өөрийн эрхгүй төрөх биз.

Баярын жагсаалд 12 мянган цэргийн албан хаагч оролцож, 200 өөр төрлийн нисэх онгоц, 500 орчим цэргийн тоног төхөөрөмжийг олон нийтэд дэлгэн үзүүлсний 80 орчим хувь нь олон нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй цоо шинэ тоног төхөөрөмжүүдийг парадад ашигласан гэж бодоход л сүрдмээр.

Дөрөвхөн сарын өмнө агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парад улаан талбайд мөн л сүр дуулиантай болсон. Уг хоёр парадад монгол өөрсдийн цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулж хөршийн найрсан харилцаагаа хадгалсан.

Дотоодын хэвлэл мэдээллүүдээр ч гэсэн Улаанталбайд монгол цэрэг, Хятадыг чөлөөлсөн Монгол цэрэг Бээжинд алхлаа” зэргээр сүр дуулиантай мэдээллэж байлаа.

Гэхдээ хөшигний ардхыг харвал нээх ч ач холбогдол өгөхөөр зүйл биш. Үнэндээ Зи нь Путин, Путин нь Зи-ээ гэхээс  биш манай жижигхэн улс энэ хоёр том удирдагчийн овоо хараанд байгаа нь юу л бол. Хойд тал нь нефть, цахилгааны экспортоо эсвэл урд тал хилээ хаагаад нүүрс авахаа зогсооход л эх орон минь элгээрээ хэвтэнэ гэдгээ бид ойлгох хэрэгтэй.

Түүнээс биш ганц нэг хятад зоогийн газрын эзэнийг зодож, танхайрчихаад эсвэл аялаж байгаа нанхиад залууг өвдөглөж суулгаж байгаад бичлэг хийснийгээ хараад бид онгирох хэрэггүй. Бодит байдалтай эвлэрэх нь зүйн хэрэг.

Харин бидэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл эх оронч сэтгэлгээ болов уу гэж бодогдлоо. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдийг харвал үнэхээр “Эх оронч” хүмүүс гэдгийг хэлсэн үг, хийж буй үйлдлээс нь харж болно. Гэтэл манайд арван таван толгойтой атгаалжын хар мангасанд бид удирдуулаад байна уу гэмээр л засагтай амьдарч байна ш дээ.

Ийм байхад бид жалган дотроо мянга тийчигнээд нэмэргүй. Ямартай ч өчигдрийн парадыг үзэхэд энэ зүйлүүд толгойд эргэлдэж суулаа. Ядаж л бидэнд үзүүлээд байгаа танкнууд, нисдэг тэрэг, онгоцнуудаас нь нэг ч байхгүй шүү дээ. Ингээд бодохоор бидэнд том гүрний өөдөөс гар далайх байтугай сүүдэр дээр нь ч гишгэж болохгүй мэт.

Бидний өвөг дээдсээс болж цагаан хэрэм нь баригдсан байж болох, Бээжин хот нь манай нийслэл байсан ч бид “одоо” гэх цаг хугацаанд амьдарч байгаа шүү дээ.

Харин бид энэ хоёр том хөршийнхөө харилцааг ашиглаад хэрхэн хөгжиж болох талаар бодож суухаас биш хөнжил дотроо хөлөө жийлцээд хэвтмээргүй байна.

Эрээн хотын одоогийн дүр төрхийг Монголчуудын хил нэвтрэхдээ өгдөг “таван юань” л ийм болгосон гэдэг шиг л бид тэднийг хөгжлийнхөө төлөө ашиглах ухаанд суралцах нь бидэнд хэрэгтэй.