Рекордын эзэн болсон хаадууд
Малайзын хаан Абдул Халим Муадзам Шах
2015.09.14

Рекордын эзэн болсон хаадууд

Энэ сарын 9 нд Их Британий Хатан хаан Елизавета II эмэг эх Викториягийн рекордыг эвдэж улс орноо хамгийн удаан удирдсан хатан хаан болов. Тэр хаан ширээнд суугаад 63 жил болсон. Гэхдээ өнөөдөр амьд сэрүүн байгаа Тайландын  IX Рама, одоогоор 82 жил төр барьж дэлхийн рекордыг тогтоогоод байгаа Свазиландын II Собузагийн амжилтанд хүрэх хол байна.

Свазиландын II Собуза

II Собуза нь Өмнөд Африкт оршдог Свазиландын хаан бөгөөд төр барьсан хугацаагаараа дэлхийн рекорд тогтоожээ.  Тэр дөрвөн сартай байхдаа хаан ширээнд сууж, ард түмнээ 1899 оноос 1982 он хүртэл удирджээ. Собузагийн үед улс орон нь бүрэн тусгаар тогтнож, эдийн засаг нь үсрэнгүй хөгжжээ. Түүнээс гадна маш романтик. Собуза 70 эхнэртэй, 210 хүүхэдтэй, 1000 гаруй ачтай байжээ.

VII Бэрнард

Ромын ариун гүрний бүрэлдэхүүнд байсан бичил улсын захирагч энэ хүн Европын удирдагчдын дотроос хамгийн удаан төр барьсанд тооцогддог. Тэр нэг настай байхдаа засгийн эрхийг өвлөн авч 1429-1511 онд 81 жил 234 өдөр төр барьжээ. Цайздаа шигдэж суулгүй хөрш орнуудтайгаа байнга муудалцдаг байсны улмаас “дайчин” гэсэн хоч авжээ. Өнөөгийн Нидерландын хаан Виллем-Александр нь Бэрнардын удам юм.

Бхагват Сингх

Махараджа Бхагват Сингх нь Гондалын Вант улсыг 1869-1944 онд 74 жил 87 өдөр удирджээ. Тэрээр Эдинбургийн Их сургуульд анагаахын боловсрол эзэмшиж, Вант улсынхаа удирдлагын тогтолцоог өөрчилж, сургууль, инженерийн колледж, эмнэлгүүд барьж, боловсролыг үнэгүй болгож, их сургууль байгуулжээ.  Мөн Гондалд орчин үеийн усжуулалтын систем, төмөр зам, харилцаа холбоо, цахилгаан шугам бий болжээ.

Тайландын  IX Рама

IX  Их Рама буюу Пхумипон Адульядет нь өнөө амьд сэрүүн байгаа хаадуудаас хамгийн удаан төр барьж байгаа нь. Пхумипон АНУ-ын Массачусэтсэд хан хүү Махидола, харц эмэгтэй хоёрын хүү болон мэндэлжээ. Энэ утгаараа тэр АНУ-ын иргэн болох эрхтэй цорын ганц хаан юм. Рама бол билэгдлийн шинжтэй хаан бөгөөд улс орны хэрэгт тэр болгон оролцдоггүй.

II Иоганн, Лихтенштейний Ван

Иоганн 1858-1929 онд 70 жил 91 өдөр  төр барьсан.  Иоганны үед Лихтенштейн тусгаар тогтнож, төвийг сахигч улс болов. Тэрээр 80 хан хүнтэй байсан армийг татан буулгаж, парламент, Засгийн газар, үндсэн хуультай болгожээ.

XIV Людовик, Францын хаа

“Наран хаан” XIV Людовик Бурбон Францын түүхэн дэх хамгийн алдартай хааны нэг байв. Тэр 1643-1715 онд 72 жил 110 өдөр төр барьжээ. Түүнийг хаан байх хугацаанд Франц Европын хамгийн хүчирхэг гүрэн болжээ. Людовик төрийн эрхийг төвлөрүүлж, хүчирхэг арми, далайн флотыг байгуулж олон тооны дайн хийж газар нутгаа өргөтгөв. Францын арми олон ялалт байгуулсан ч байнгын дайн улс орны сан хөмрөгийг хоосолжээ. 

Японы эзэн хаан Хирохито  

Хирохито 1926 онд Японы 124 дүгээр хаан болжээ. Тэрээр Сева буюу “Гэгээн ертөнц” хэмээх хаан нэр сонгожээ. Гэвч гэгээн хааны үед Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож ялагдал хүлээсэн.  Холбоотнууд түүнийг бурханлаг нэр цолноосоо татгалзахыг шаарджээ.  Дайны дараа Хирохито Японы имижийг  сэргээхэд багагүй зүйл хийж олон улстай дипломат харилцааг өргөжүүлэв. 62 жил 13 өдөр төр бариад 1989 онд нас баржээ.

II Василий

Василий бол 960-1025 онд Византийн төрийг барьсан хаан юм. Тэр олон тооны дайн хийж газар нутгаа өргөтгөж байв. Болгарчуудын эсрэг хийсэн дайны дараа түүнд “Болгарын эрлэг” хоч өгчээ. Стримоны тулааны дараа Василий олзонд ирсэн 15 000 болгарыг сохлохыг тушаажээ. 

Хатан хаан Виктория

Их Британий хатан хаан 1837 онд хаан ширээнд сууж 63 жил 216 өдөр төр бариад 1901 онд нас баржээ. Викториягийн үед Англичууд хөгжил цэцэглэлтийн туйлд хүрч дэлхийн хамгийн хүчирхэг улс болов.  Их Британий арми завсаргүй дайн хийж газар нутгаа тэлсээр 20 дугаар зууны эхэн гэхэд Виктория хуурай газрын дөрөвний нэгийг захирч байв.  Тэр 9 хүүхэдтэй байсан бөгөөд хүүхдүүд нь бусад хаант улсын удамтай ураг барилдсанаар Виктория “Бүх европын эмээ” болжээ.

Энх Амгалан хаан

Цингийн удмын Канси буюу Энх-Амгалан хаан 1661 онд 6 настай байхдаа хаан болжээ. Тэр 61 жил 316 өдөр төр барьж Хятадын түүхэнд рекорд тогтоожээ. Түүний үед газар нутаг өргөжиж, урлаг, шинжлэх ухаан хөгжжээ.

Малайзын хаан Абдул Халим Муадзам Шах

Абдуллын төр барьсан түүх ээдрээтэй. Учир нь Малайзад хааныг 5 жилээр сонгодог. Абдул 1958 онд Малайзын Кедаха мужийн султан болж, 1965 онд Малайзын дэд хаан, 1970 онд жинхэнэ хаан болжээ. Харин 2001 оноос дахин хаан болжээ. Ямартаа ч тэр 57 жил төрийн эрх барьжээ.

Догшин Иван

1533 онд Орос газрын агуу князь, удалгүй хаан болж 1584 онд нас барсан Иван Васильевич 50 жил 116 өдөр төр барьжээ. Хэдийгээр дэлхийн түүхэнд төр барьсан жилээрээ 182 дугаар байрт ордог ч Оросын түүхэнд эхний байрт ордог. Оросын хамгийн учих битүүлэг хаан. Тэрээр цэрэг, захиргааны шинэчлэл хийж, Казань, Астрахань, Сибирийг эзэлж Оросын нутгийг тэлжээ. Гэхдээ тэр Новгородыг сүйтгэж олон мянган хүнийг цаазалсан.

Елизавета II

Елизавета 1952 онд хаан ширээнд суужээ. Тэрээр Их Британий түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хатан хаан юм.