Аль-Кайда Билл Гейтсийг онилов
Террорист бүлэглэл “Аль-Каида”-гаас хэвлэн гаргадаг Inspire сэтгүүлийн сүүлийн дугаар хуулийн байгууллагынханд түгшүүр төрүүлэв. Учир нь тус дугаарт Америкийн зарим нэгэн нэртэй бизнесмен, улс төрийн зүтгэлтнийг устгах уриалга нийтлэгджээ. NBC News телевизийн мэдээлснээр “хар жагсаалт”-д Билл Гейтс, тэрбумтан Уорэн Баффет, Чарльз, Дэвид Кох, түүнчлэн Нью-Йоркийн захирагч асан Майкл Блумбэрг нар оржээ.
Хэрэв дээр дурьдсан хүмүүс америк банкууд дахь бүх мөнгөө авч АНУ-аас өөр улсуудад хөрөнгө оруулвал энэ жагсаалтаас хасагдах аж. Түүнчлэн Израйлийг дэмжсэн бодлогын эсрэг зогсох ёстой аж.
Түүнээс гадна есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлын ойгоос хоёр өдрийн өмнө хэвлэгдсэн энэ сэтгүүлд Аль-кайдагийнхан африк гаралтай америкчуудыг Аль-Кайдад нэгдэж шударга бус хандлагын эсрэг зогсохыг уриалжээ.
Дөнгөж өчигдөрхөн Аль-кайда “Исламын улсад” АНУ-ын толгойлсон эвслийн хүчтэй тэмцэхэд нь туслахаа мэдэгдсэн. Тус бүлэглэлийн толгойлогч Аймана аз-Завахири түүний дайчид Ирак, Сири дахь эвслийнхэнтэй тэмцэхийн тулд Исламын бүлгийнхэнтэй хамтарна гэж хэлэв. Гэхдээ хоёр бүлэглэл нэгдэхгүй гэлээ.
Inspire сэтгүүлийг Аль-Кайдагаас 2010 оноос эхлэн хэвлэж байгаа. Материалууд нь англи хэл дээр. Энэ сэтгүүлд “Гэрийнхээ гал тогоонд бөмбөг хийж сур” зэрэг дуулиантай нийтлэлүүд гарч байв. Бостоны аллагыг зохион байгуулсан Жохар Царнаев ах Тамерлантай хамт сэтгүүлд гарсан заавраар бөмбөг хийснээ хүлээн зөвшөөрчээ.