Иран: Бид Израилийг 25 жилийн дотор үгүй хийнэ
2015.09.23

Иран: Бид Израилийг 25 жилийн дотор үгүй хийнэ

Ираны Армийн командлагч Атаолла Салехи Ираны цэргүүд Израилыг 25 жилийн дотор устгаж чадна гэж мэдэгдлээ. Өндөр албан тушаалтны энэхүү үгийг тус улсын мэдээллийн агентлаг Tasnim иш татав.

Тэрээр “Бид Израилыг устгах болно. Тэдний дайрахыг бид тэсэн ядан хүлээж байна. Хэрэв тэгвэл бид 25 жилийн дотор үгүй хийнэ” гэж ярилцлагандаа хэлжээ. Түүнчлэн хошууч генерал Салехи Израиль алга болвол АНУ-д ач тусаа өгнө гэжээ.

Энэ сарын 9 нд Ираны удирдагч аятолла Али Хаменеи еврейн улс ойрын 20-30 жилд мөхөх тухай ярьсан. Тэр “Хэрэв Аллахын хүсэл зоригоор болвол 25 жилийн дараа гэхэд Дэлхий дээр сионист дэглэм гэж байхаа болино” гэжээ.

Иран, Израилийн дипломат харилцаа 1979 онд Иранд болсон Исламын хувьсгалын дараа зогссон. Тегеран Израилийн төр улсыг хүлээн зөвшөөрдөггүй.

АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франци, Герман, Иран улсууд өнгөрсөн 6 дугаар сарын 14 нд 10 жил хэлэлцсэний эцэст Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг баталсан. Ийнхүү атомын салбарт тохиролцоонд хүрч хориг арга хэмжээг цуцалснаар Иран, АНУ-ын харилцаа сайжирна гэж үзэж байгаа. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг тохиролцоог түүхэн алдаа гэж нэрлэжээ.