Хятадын Коммунист намын 100 жилийн төлөвлөгөө эцсийн шатандаа явж байна
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид, хятад судлаачдын анхаарал Бээжинд төвлөрөөд байна. Хятадын нийслэлд энэ сарын 26-29 ний өдрүүдэд Хятадын Коммунист намын Төв хорооны Тавдугаар их хурал болж байна. Хаалттай болдог уг хурлаар Хятад орон цаашдаа яаж амьдрахыг шийднэ.
2011 оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн зөвлөл 12 дугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан билээ. Энэ хурлаар тус улсын эдийн засгийн хөгжлийн загварт зарим өөрчлөлт оруулсан.
Эдгээр өөрчлөлтүүдээс хамгийн чухал нь хөрөнгө оруулалт, экспортод чиглэсэн хөгжлийн загвараас дотоод хэрэглээнд түшиглэсэн загварт шилжсэн явдал байв.
Хятадууд өөрсдөө ч тавдугаар хуралд найдлага тавьж байна. Коммунист намын өмнө хүнд хэцүү зорилтууд бий. 13 дугаар таван жилийн төлөвлөгөөгөөр эдийн засгийн өсөлтийг 7% орчим барихаар батална гэж шинжээчид үзэж байна. Хурал эхлэхийн өмнөхөн гаргасан статистик тоо баримтаар эдийн засгийн дундаж өсөлт 6,9 хувьтай гарчээ.
2021 онд Хятадын коммунист намын 100 жилийн ой болоход хятадууд дундаж амьдралтай болсон байх ёстой
Энэ удаа Хятадын хөдөө аж ахуйг шинэчлэх төлөвлөгөөг батлах нь дамжиггүй. Мөн сүүлийн үед шийдэл шаардаж байгаа экологийн асуудлыг ч орхихгүй.
Хятадын Коммунист намын цаашид биелүүлэх зорилтуудад ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, ажлын байраар хангах, аюулгүй байдлыг нь хангах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах ажлууд багтаж байгаа.
Түүнчлэн Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Тавдугаар хурлаар Ши Жиньпин даргын гурван жилийн өмнө эхлүүлсэн авлигатай тэмцэх ажлыг хэлэлцэх аж. Авлигын эсрэг тэмцэл үргэлжлээд зогсохгүй эрчимжиж өмнө нь төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байсан бол энэ удаа Хятадын төв банк тэргүүтэй санхүүгийн байгууллагуудыг шалгаж эхлэх төлөвтэй байна.
Шинэ таван жилийн төлөвлөгөөг ирэх хавар олон нийтэд дэлгэх юм байна. Гэхдээ одоо шинэ төлөвлөгөө нь Хятадын төр засгийн “дунд давхаргын нийгмийг бий болгох” “100 жилийн төлөвлөгөөний” нэг хэсэг гэдэг нь тодорхой байна. 2021 онд Хятадын коммунист намын 100 жилийн ой болоход энэ төлөвлөгөө биелсэн байх ёстой.