Аз жаргалтай амьдрахад жилд 75 мянган ам.доллар хэрэгтэй
Нобелийн эдийн засгийн шагналт Ангус Дитон
2015.10.14

Аз жаргалтай амьдрахад жилд 75 мянган ам.доллар хэрэгтэй

Нобелийн  эдийн засгийн шагналт Ангус Дитоны алдарт 2 судалгааны тухай

Тэр яагаад Нобелийн шагнал хүртэв гэсэн асуултын хүрээнд миний эдийн засгийн салбарт хийсэн судалгааны ажлыг танилцуулж байна.

Танд жаргалтай амьдрахад хичнээн мөнгө хэрэгтэй байна? 

Шотланд гаралтай АНУ-ын эдийн засагч Ангус Дитон 5 жилийн өмнө Америкийн сэтгэл зүйч Даниел Каннемантай хамтран 450 мянган Америк иргэдийн дунд “Танд жаргалтай амьдрахад хичнээн ам.доллар хэрэгтэй байна?” гэсэн санал асуулга явуулжээ. Судалгаа тун сонирхолтой үр дүнд хүрч, түүнийг нэрд гаргасан байна.

Судалгааны дүнг танилцуулъя л даа. Хүн амьдралын аливаа зовлон, бэрхшээлийг даван туулахад сард 6250, жилд дунджаар 75 мянган ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Хэрэв  жилд 75 000 ам.доллараас бага орлоготой бол, таагүй явдлуудыг илүү эмзэгээр хүлээж авдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. 75 мянган ам.доллараас дээш орлого оллоо гэхэд нэг их жаргалтай амьдардаггүй байна. Үүнийг судлаач тайлбарлахдаа,

 "Хүн хэтэрхий их мөнгөтэй болоод ирэхээрээ амьдралд баяр баясгалан авчирдаг зүйлсийг мэдрэхээ больж, мөнгөний сөрөг нөлөөллүүд ил гардаг" гэжээ.  

Түүний судалж мэдсэнээр, жилд 75 мянган ам.доллар олдог хүн одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, бусадтай өөрийгөө харьцуулж, сэтгэлээр унадаггүй байна. Жишээлбэл, хөршүүдээсээ жижиг байшинтай, хямдхан машинтай байлаа ч санаа зовохгүй байж чаддаг.

Харин сард 1000-аас доош, жилд 12 мянга ам.доллараас доош ам.доллар олдог хүн эхнэр юм уу нөхрөөсөө салвал сард 3000-ыг олдог хүнтэй харьцуулахад сэтгэл, санааны гүн хямралд ордог байна.

Эндээс их хэмжээний орлого хүн хүссэн аз жаргалд хүрч чадахгүй, харин олон асуудалд санаа зовохгүй тайван амьдрах боломжийг олгодог гэдэг нь нотлогдож байна. Энэхүү судалгааны дүнгээр дамжуулан Нобелийн шагналт судлаач Ангус Дитон "Аз жаргалын үндэс нь мөнгө биш" гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ядуу амьдарч байгаадаа та буруутай юу?

Гэхдээ тэр үүнээс өөр судалгаагаар Нобелийн шагнал хүртсэн. Ангус Дитон 1990 оноос хөгжиж буй орнуудын ядуурлын цар хүрээг тодорхойлдог аргуудын сул талыг илрүүлжээ. Тэрээр өрхийн хэрэглээний мэдээллийг зөв ашиглаж чадвал орлого болон хүнсний илчлэгийн хэмжээний хоорондын харилцан хамаарал, гэр бүл дэх ялгаварлан гадуурхалтын түвшинг зөв тодорхойлж болохыг дэвшүүлэн тавьсан байна. Хэдийгээр хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд баян, ядуугийн ялгаа их байгаа ч аливаа улс орон ухаалаг бодлого явуулбал хүнд байдлаас гарах боломжтой. Гэхдээ асуудлыг шийдэхдээ ядуу орнуудад мөнгө өгөх бус, харин гаалийн саад хоригуудыг арилгаж, цагаач ажилчдад чөлөөтэй нэвтрэх боломж олгох хэрэгтэй зэрэг чухал санаа дэвшүүлээд байна.