Вьетнамын үрэлгэн, сахилга батгүй, хариуцлагагүй "хүүхдүүд"
2015.10.30

Вьетнамын үрэлгэн, сахилга батгүй, хариуцлагагүй "хүүхдүүд"

Өнөөдөр Монголын төрийн өмчит компаниуд нь засаглал муутай, ашигтай ажиллаж чаддаггүй, шахааны бизнес цэцэглэсэн гэгддэг. Тэгвэл энэ байдал даамжирвал юунд хүргэдгийг Вьетнамын жишээнээс харж болох юм. Тус улсад 2011 оны байдлаар 1300 төрийн өмчит компаниас дөрөвхөн нь ашигтай ажиллаж бүх төрийн компаниудын олсон орлогын 80 хувийг бүрдүүлжээ. 

Вьетнамын Засгийн газар 2016 он гарахаас өмнө 200 орчим үйлдвэрийн газрыг хувьчлах том ажилтай болжээ. Учир нь төрийн өмчийн компаниуд эдийн засгийн хөгжлийн зүтгүүр болохын оронд чөдөр, тушаа болж авлига цэцэглэсэн газрууд болж хувирчээ. Өнгөрсөн долдугаар сард Вьетнамын ерөнхий сайдын тушаалаар тус улсын газрын тосны "Петро Вьетнам" төрийн өмчит корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга Нгуен Суан Шонаг албан тушаалаас нь буулгасан. Хэдхэн хоногийн дараа Шоныг 40 сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр баривчлав. Мөн үүнээс өмнө “Vinalines” худалдааны компанийн топ менежер Зынг Чи Зунг болон Май Ван Фук нарыг төрийн өмчийг үрэн таран хийж үндэсний эдийн засагт хохирол учруулсных нь төлөө цаазаар авсан билээ.

Вьетнамын төрийн өмчит компанийн удирдлагууд яаж ингэж чадав?

Орчин үеийн Вьетнамын төрийн өмчит компаниуд зах зээлийн эдийн засагтай насаар бараг чацуу. 1986 онд социалист Вьетнам сүйрлийн ирмэгт ирж энгийн ахуйн хэрэглээний бараа хүртэл хомсдож, аж үйлдвэр зогсож, гадаад өр тэнгэрт хадаж, инфляци 775 хувьд хүрч байв. Вьетнамын эрх баригчид "Миний гэр" нэртэй үзэл санааг боловсруулж, эдийн засагт зах зээлийн харилцааны элементүүдийг нэвтрүүлж эхэлснээр хямралын байдлаас аажмаар гарав. Улсын өмчийн зэрэгцээ хувийн, хамт олны, төрийн капиталист хэв маягийн секторуудыг хөгжүүлж эхэлжээ.

Вьетнам улс "социалист чиг хандлага бүхий зах зээлийн эдийн засаг"-тай боллоо. Энэ тогтолцоонд хамгийн гол үүрэг гүйцэтгэх ёстой субъект нь төрийн өмчит компаниуд болов. Худалдааны хориг тавигдаж, АНУ-тай хэвийн харилцаатай болсноор вьетнамчууд "Дэлхийн банк", "Азийн хөгжлийн банк"-наас зээл авах үүд хаалга нээгдэв. Гадны хөрөнгө оруулагчид ч орж ирэв.

Дэлхийн эдийн засагтай хөл нийлүүлснээр 2000-2005 онд Вьетнамын ДНБ 7,5 хувиар өсчээ. Мөнгөний нийлүүлэлт асар хурдан өсөж, эрх мэдэлтнүүд энэ мөнгөнд ойр байхыг хүсч байв. 2006 онд Нгуен Тан Зунг хэмээх залуу шинэчлэгч ерөнхий сайд болж төрийн өмчит компаниудад илүү анхаарч ажиллажээ. Түүний өмнөх Ерөнхий сайд Фан Ван Хай есөн жил Засгийн газар толгойлохдоо хоёрхон төрийн өмчит компани байгуулсан бол Зунг хэдхэн жилийн дотор есийг байгуулжээ.

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг. 2014 он. Фото: Gemunu Amarasinghe / AP

Вьетнамын төрийн өмчит компаниуд бага хүүтэй зээл, гадны тусламжийн дийлэнх хэсгийг авч, ус, цахилгааны хөнгөлөлт эдэлж, тендерт давуу эрхтэй оролцож, нэг үгээр хэлбэл төрийн хөрөнгө оруулалтыг хялбархан олдог байв.

"Тэжээсэн бяруу тэрэг эвдэв"

Эдийн засгийн өсөлт өндөр байсан ч хөдөлмөрийн бүтээмж нь хөрөнгө оруулалтаа гүйцэхгүй байлаа. Хөрөнгө оруулалтын зарцуулалт ч үр дүнгээ өгсөнгүй. ДНБ-ийг нэг хувиар өсгөхийн тулд хөрөнгө оруулалтыг 6 хувиар өсгөх шаардлагатай болжээ (Азийн бусад орнуудад 3 хувь өсгөхөд хангалттай байдаг). Экспортод түшиглэн хөгжиж буй оронд тулгардаг энэ мэт асуудлууд Вьетнамд улам олширч, 2008-2009 оны Дэлхийн санхүүгийн хямралтай давхцсан нь бүр их гай тарив.

Хөрөнгийн зах зээл хямарч, инфляци өсөж, өсөлт удааширч, олон компани хаалгаа барьсны дараа Вьетнамын эрх баригчид үүний шалтгааныг хайж эхлэв. 

Эдийн засгийн өсөлтийг сааруулсан шалтгаануудын дотроос хамгийн хор уршиг тарьсан нь төрийн өмчит компаниудын ялзрал байв. 

Хууль эрх зүйн орчин нь зах зээлийн хөгжлөөс хоцорсон, төрийн компаниуд монополь тогтоосон эдийн засагт авлига, хээл хахууль, улсын хөрөнгийг шамшигдуулах үзэгдэл гаарч байлаа.

Төрийн өмчит компаниудын хэргээс хамгийн дуулиантай нь “Vinashin” корпорацийн дампуурал болов. 2006 онд төрийн өмчид шилжсэн хөлөг онгоц үйлдвэрлэдэг энэ компани 2015 он гэхэд энэ салбартаа дэлхийд дөрөвт орохоор том компани болох ёстой байв. Засгийн газраас энэ компанид тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээл өгч, үйлдвэр барих газрыг үнэгүй олгож, компани дахь ашиг сонирхлын зөрчил, санхүүгийн сахилга батгүй байдал зэрэгт нүдээ аниад өнгөрдөг байжээ. “Vinashin” компанид оруулсан хөрөнгө оруулалтыг охин компаниуд нь хуваан авч бирж дээр наймаалцах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, цахилгаан станц барих зэргээр үрдэг байв. 

Нэг төрийн өмчит компанийн байгуулсан охин компанийн тоо 200-д хүрчээ.

Охин компаниуд ашиггүй ажиллаж байсны дээр дэлхийн эдийн засаг хямарч, 160 орчим гэрээ цуцлагдав. “Vinashin”-ы өр 4,4 тэрбум ам.долларт хүрч, 2010 онд гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх 600 сая ам.долларын өрөө төлж чадахгүйд хүрэв. Компанийг татан буулгахаас өөр аргагүй болж,  дэлхийн том компани болох мөрөөдөл талаар өнгөрөв. 2012 онд “Vinashin” компанийн захирлыг 20 жил хорих ялаар шийтгэсэн юм.

Шинжээчид “Vinashin” шиг Вьетнамын төрийн өмчит компаниудын үйлдлийг эцэг, эхийнхээ зээлийн картыг аваад казинод тоглодог, хожвол мөнгөө өөрөө авдаг, хожигдвол аав, ээжээрээ төлүүлдэг айлын үрэлгэн хүүхэдтэй харьцуулжээ. Харамсалтай нь энэ хүүхэд байнга хожигддог байв. Газрын тос боловсруулагч "Петро Вьетнам" л гэхэд барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон нь бүтэлгүйтжээ.  Каучук үйлдвэрлэгч “Vietnam Rubber Group” компанийн усан цахилгаан станц барьсан,  усан тээврийн "Vinalines" компанийн салбартаа оруулсан мөнгө нь салхинд хийсчээ. Энэ мэт жишээ дурдаад байвал хэдэн зууд хүрнэ. 

"Vinashin" компаний топ менежерүүдийг шүүх хурал. 2012 оны гуравдугаар сар. Фото: Vietnam News Agency, Doan Tan / AP